Л.Эрдэнэчулуун: Өдөрт 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, халуун бүлээн цай уу

2020-03-13 15:25:26

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай А/333 тоот захирамжийг гаргасан байна. Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоохоор болсон байна.

Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний худалдаалдаг 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, гэрэл зургийн үйлчилгээ, автомашин, авто сэлбэгийн худалдаа, барилгын зах гэх мэт нийт 4825 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийх аж.

Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх тархалт хүрээг нь нэмэгдүүлэхгүйн тулд үйл ажиллагааг түр зогсоосон үед аж ахуйн нэгжүүд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж болон айл өрхүүд хэрхэн халдваргүйжүүлэлт хийх талаарх зөвлөмж тарааж байгаа. Иргэд гэртээ өдөртөө 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, хувийн ариун цэврийг сайтар хангах, олон нийтийн газраар зорчихгүй байх, сайн чанарын хоол хүнс хэрэглэх, халуун бүлээн цай уух хэрэгтэй” гэв.