Өнөөдрийн байдлаар 54 мянган тээврийн хэрэгсэл нийслэл рүү нэвтэрчээ

2020-03-05 09:51:10

COVID-19  буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж энэ сарын 3-ны өдрийн 06.00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байгаа эмнэлгийн ажилтнуудын тоог эрс нэмэгдүүлж ажиллаж байна.

Коронавирусний халдвараас сэргийлэх нийслэлийн Шуурхай штабын албан ёсны мэдээллээс үзвэл, энэ сарын 03-ны өдрийн  08:00 цагаас 04-ний өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоод дээр зохион байгуулж буй хяналтын цэгт эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн нийт 201 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор нийт 54.389 тээврийн хэрэгсэл нэвтэрч,  нийт 190.447 зорчигч хяналт, тандалтад хамрагджээ. Энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбартай хамтран хяналтын зургаан цэгт зорчигчдын хөдөлгөөнд тандалт, судалгааг хийж байна.