"Нийслэлд 27 мянган иргэн зуслангийн газар өмчлөх боломжтой"

2013-07-26 00:00:00
Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдэд зуслангийн газрыг үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх ажил эхэлнэ.

Иймд “Ярилцах танхим”-ын энэ удаагийн дугаарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирийг урьж зуслангийн болон нийслэлд шинээр газар өмчлөх ажлын явц ямар байгаа талаар ярилцлаа.

-Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр болоод байна. Ер нь нийслэлийн зуслангуудад хэдэн айл байдаг талаар нэгдсэн судалгаа бий юү?
-Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд голлох зуслангууд байдаг. Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэх гэж байна. Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд хамрагдана. Ер нь энэ гурван дүүргийн нутагт нийт 47 мянган иргэн зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа.

Эдгээр иргэний 60 орчим хувь нь зуслангийн газраа өмчлөх боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд бүртгэл, судалгааны ажил эхлэх гэж байна. Мөн газар дээр нь тооллого хийнэ. Тиймээс иргэд наймдугаар сард багтаад газар өмчлөх өргөдөл хүсэлт хүлээн авах юм байна гэж ойлгож болно.

-Голлох зуслангууд гурван дүүрэгт байдаг юм бол зуслангийн газар өмчлөх ажилд энэ гурван дүүргийн газрыг бүгдийг нь яагаад хамруулаагүй юм бэ?
-Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын даргын баталсан зуслангийн газар өмчлүүлэх тухай чиглэл бий. Энэ чиглэлд зуслангийн газрыг өмчлүүлэхдээ зөвхөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэнэ гэж заасан байдаг. Тиймээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байгаа 26 амны ерөнхий төлөвлөгөөг НИТХ-аас баталчихсан.

Одоогийн байдлаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж байна. Мөн энэ 26 хэсгийн наймынх нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийчихсэн учраас эхний ээлжинд энд зуслангийн газрыг өмчлөх ажлыг хийе гэсэн шийдвэр гарсан юм. Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө нь гарчихвал бусад газрыг өмчлөх ажил үргэлжилнэ.

-Нийслэл хотод зуслангийн суурьшлын бүсийг цаашид шинээр товлож, сунгах боломж бий юү?
-Нийслэлийн ногоон бүс орчмын газарт зуслангийн шинэ суурьшлын бүс бий болгох боломж байхгүй. Өөрөөр хэлбэл нөөцгүй болсон гэсэн үг. Тиймээс зуслангийн газрыг шинээр олгохгүй. Одоо иргэдийн эзэмшиж байгаа газрыг өмчлүүлнэ. Харин иргэдэд шинээр газар өмчлүүлэх ажил тусдаа зүйл юм.

-Иргэдэд 700 метр квадрат хүртэлх газрыг өмчлүүлнэ. Үүнээс бага хэмжээтэй зуслангийн газар эзэмшиж байгаа иргэн талбайгаа томруулж болохгүй гэсэн. Яагаад эзэмшиж буй газраа хуульд заасан хэмжээнд хүртэл томсгож болохгүй гэж?
-Иргэн хүн 700 метр квадрат хүртэлх хэмжээний газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй. Иргэний эзэмшиж буй газар нь 400, 300 метр квадрат талбайтай байсан ч гэсэн 700 метр квадрат хүртэл гэж байгаа учраас энэ хэмжээнд багтаж л газар өмчилнө гэсэн үг юм. Зуслангийн газрыг өмчлөх ажлыг зохион байгуулахдаа иргэний өмчлөх гэж буй газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн орсон байна вэ гэдгээсээ хамаарч газраа өмчилнө.

Өөрөөр хэлбэл таны өмчлөх гэж буй газар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд ингэж тусгагдсан байна гээд эргэлтийн цэг, координатыг нь заагаад өгчихнө. Энэ дагуу иргэн хашаагаа барьсны дараа газрыг нь өмчлүүлэх юм.

-Үерийн ам, ой мод, усны сан бүхий бүсэд газар өмчлүүлэхгүй гэж байгаа. Энэ бүсүүдэд зуслангийн газар эзэмшиж буй өрхүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд ойн сан, усны сан, хамгаалалтын зурвас, замын сүлжээний газарт иргэдэд газар өмчлүүлэхгүй гэж заасан байдаг. Мөн иргэд үерийн аман дээр ихэвчлэн зөвшөөрөлгүй ирж буудаг. Тэдгээр иргэнд газрын зөвшөөрөл байхгүй учраас газар өмчлүүлэх боломжгүй. Түүнчлэн энэ тохиолдолд газар чөлөөлөх арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Ой мод, усан сан бүхий бүсэд судалгаа хийгээд зөрчил гарвал нүүлгэх арга хэмжээ авна.

-Зусланд газар өмчлүүлэх ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан зуслангийн товчоо байгуулна гэж байгаа. Энэ ямар чиг үүрэгтэй байх вэ. Хэзээнээс ажил нь эхлэх юм бол?
-Наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зуслангийн бүсүүдэд бүртгэл судалгааны ажил эхэлнэ. Иргэдэд түргэн шуурхай үйлчилж чирэгдэлгүй байхын тулд тухайн зуслан дээр ажиллахаар болж байгаа юм. Үүний тулд түр товчоог байгуулсан. Тиймээс ирэх сараас Зуслангийн товчоогоор дамжиж бүртгэл судалгааны ажил явагдана. Ер нь зуслангийн газар өмчлөлтэй холбоотой бүх ажил энэ товчоогоор дамжина. Нэг ёсондоо бид иргэдэд зуслангийн газрыг нь ямар нэгэн чирэгдэлгүй өмчлүүлэхийн тулд ажиллаж байна.

-Одоогийн байдлаар зуслангийн газрыг өмчлөх боломжтой хэдэн хүн байна вэ?
-Зуслангийн газрыг өмчлөх боломжтой 27 мянган иргэн байгаа.

-Олон мянган хүнд газар өмчлүүлэх эн их ажилд ямар асуудал гарч байна вэ?
-Бид эхний ээлжинд урьдчилсан байдлаар судалгааны ажил хийж байна. Ирэх сараас газар дээр нь очиж судалгаа хийнэ. Үүний дараа хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу өмчлүүлэх ажил үргэлжлэх юм. Одоогийн байдлаар газар өмчлүүлэх ажил эхлээгүй байгаа учраас ямар нэгэн асуудал алга.

-Зуслангийн газраас гадна иргэдэд нийслэлийн дүүргүүдэд шинээр газар өмчлүүлнэ гэж байгаа. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Иргэдэд шинээр газар өмчлүүлэх ажил одоогийн байдлаар зогссон. Гэхдээ нийслэлийн хэмжээнд нөөцтэй газрын судалгааг хийж байгаа учраас өмчлүүлэх боломжтой газрын нөөц тодорхой болмогц төлөвлөлт хийж иргэдэд өмчлүүлнэ. Энэ ажил тун удахгүй эхэлнэ. Эхний ээлжинд НИТХ-аар батлагдсан 52 байршилд төлөвлөлт хийж байна. Цаашид ч газрын нөөцийн судалгааг хийхээр төлөвлөж байна.

-Газар өмчлүүлэх тухай хуульд гадаадын иргэнд газар өмчлүүлэхийг хориглосон заалт байдаг. Гэтэл нийслэлийн нутаг дэвсгэрт гадаадын иргэн томоохон газар эзэмшиж байгаа тохиолдол цөөнгүй байх шиг байна?
-Гадаадын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хуулийн дагуу газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор ашигладаг. Тэдэнд газар ашиглах л эрх бий.

-Гадаадын иргэнд хэдэн жилийн хугацаатай газар өмчлүүлдэг вэ?
-Анх газар олгохдоо таван жилийн хугацаатай ашиглуулдаг. Ингээд таван жилээр сунгаад явдаг.

-Газар өмчлөх эрх авахын тулд их хугацаа зарцуулж байна гэсэн гомдол иргэдээс гардаг. Зуслангийн болон шинээр газар өмчлүүлэхдээ энэ хугацааг багасгахад хэрхэн анхаарч байгаа вэ?
-Энэ жилээс газар өмчлөлийн ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх нь томоохон ажил юм. Бид энэ ажлыг зохион байгуулахдаа газар дээр нь очиж ажиллаж аль болох богино хугацаанд шийдвэрлэе гэж байгаа. Тиймээс газар өмчлөх ажил цаашид чирэгдэлгүй болно гэсэн үг.

-Иргэн газар өмчлөхийн тулд ямар хугацаа зарцуулдаг болно гэсэн үг вэ?
-Одоогийн байдлаар тодорхой хэлэх боломжгүй байна. Ямартай ч аль болох богино хугацаанд иргэдэд газрыг нь өмчлүүлнэ.

-Шинээр газар өмчлөх хүсэлт их ирж байна уу?
-Энэ тухай хүсэлт тасралтгүй ирж байгаа. Хүсэлтээ гаргаж амжаагүй иргэн ч бий. Газрын нөөцийг тогтоогоогүй, төлөвлөлт байхгүйгээс болж энэ ажил удааширсан. Ямартай ч хотынхоо бүх хүн амьд газар өмчлүүлэх бодлоготой байна.

-Нийслэлийн хэмжээнд нэг сая орчим хүн газар өмчлөөгүй байна гэсэн судалгаа байгаа. Иргэн бүр газар өмчлөхөд нийслэлийн газрын нөөц хүрэлцээтэй юу?
-Ямартай ч иргэн бүрт газар өмчлүүлнэ гэсэн зорилготой байгаа. Энэ хүрээнд хийж байгаа нэг ажил нь зуслангийн газрыг өмчлөх юм. Зуслангийн газрыг иргэдэд өмчилснөөр  30 орчим мянган иргэний асуудлыг шийдвэрлэж байна. Мөн газрын нөөц тогтоогоод өмчлүүлж эхэлнэ.

-Газрын нөөцийг тогтоосон ч гэсэн иргэн бүр газар эзэмших боломжтой болж чадах уу?
-Судалгаа хийгдэж байгаа учраас үүнийг тодорхой хэлэх боломжгүй.

-Нийслэлд газар өмчлөх боломжгүй бол аймгуудад газар эмэмших болно биз дээ?
-Нийслэлийн иргэн аль ч аймаг, сум, хотын төвийг аймгуудтай холбосон улсын чанартай зам дагуу газар өмчлөх эрхтэй.

-Ярилцсанд баярлалаа.
 
 

Н.Санжаасүрэн