Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай

2020-02-26 09:00:20

2020 оны 02 сарын 26-ны өдөр                                       Дугаар А/223                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах

талаар авч хэрэгжүүлж байгаа

ажлыг эрчимжүүлэх тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, 29.1.6.ж, л, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Засгийн газрын 2020 оны 30, 64 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 06 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


    1.Томуу, томуу төст өвчний өвчлөл болон хөрш зэргэлдээ улсуудад Шинэ коронавирус халдварт /КОВИД-19/ өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, спорт, соёл урлагийн газар /цанын бааз, заал, биллиард, саун, бассейн, фитнесс, бүжиг, иогийн клуб г.м/ болон амралт, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр  зогсоосугай.

 

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн хэрэгжих хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, ресторан, кафег 22 цаг хүртэл ажиллуулах гэж тус тус өөрчилсүгэй.

 

      3.Улаанбаатар хот доторх нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06 цагаас 3 дугаар сарын 03-ны өдрийн 07 цаг хүртэлх хугацаанд тусгай хуваарьт шилжүүлж ажиллуулахыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т үүрэг болгосугай.

 

      4.Шинэ коронавирус халдварт /КОВИД-19/ өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ шуурхай авах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа амралт, сувиллын газар, бусад объектын судалгааг гаргаж, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

    5.Захирамжийн хэрэгжилтийг хангаж тухай бүр тайлагнаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /Д.Батсүх/, Нийслэлийн Спортын хороо /Ж.Ганболд/ нарт, захирамжийг олон нийтэд мэдээлж, үнэн зөв мэдээллийг шуурхай түгээж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/, хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д тус тус даалгасугай.

 

 

 

 

  

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН