С.Энхтөр: 60 ширхэгтэй хогийн уут авчих л даа

2013-07-23 00:00:00
Цагдаагийн дэд хурандаа С.Энхтөрийг манайхан андахгүй биз ээ. Өдөр болгон шахам цэнхэр дэлгэцээр жолооч нартайгаа уулзаж, сонор сэрэмжтэй явахыг сануулдаг тэрбээр фэйсбүүкийн хамгийн идэвхтэй хэрэглэгч. Бас болоогүй хувийн сонирхлоо дагаад гэрэл зургийн аппаратаа үүрчихээд хөдөөгүүр тэнэх дуртай юм билээ. Харин энэ удаад түүний гэрэл зургийн дуранд энд тэндгүй хурсан хог өртжээ. 
Тиймдээ ч тэрбээр нэгэн уриалгыг гаргасан байна. Уриалгадаа “Хаана л бол хаана ийм их хог байгаад байх юм аа. 2500 гээд хог хийдэг уут хаа сайгүй л байна. Хөдөө явахдаа нэгийг авчих л даа. Дотроо 60 ширхэгтэй юм байна билээ. Лав нэг удаа явалтаар 60 уут хог гарахгүй л байх манайхаан. Явдал дундаа цонхоор хогоо хаяна гэхгүй, буудаллаад хөдлөхдөө хогоо уутлаад машиныхаа ард хаячих. Төв суурин газраар орохдоо хогийн цэг харагдангуут гүйж очоод шидчих, тэгээд л боллоо. Юу нь хэцүү байна” хэмээжээ. Түүний энэхүү уриалгыг фэйсбүүкийн найзууд нь дэмжиж, зарим нь уут авч явдаг гэдгээ хүртэл үзүүлсэн байна билээ. Тэгэхээр монголчууд минь аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулж, энэ хар уутыг эвтэйхэн хэрэглээд сурчихвал байгалиа хайрлаж байгаагийн нэг тод жишээ шүү дээ. 

 
Э.Мөнх