Голд машинаа угаавал 720 мянган төгрөгийн торгуультай

2013-07-19 00:00:00

Байгаль орчны яам (хуучнаар), нийслэлийн Захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран Туул голд машинаа угаасан жолоочийн эрхийг хоёр жилээр хасах тухай шийдвэрийг өнгөрсөн 2010 онд гаргасан.

Түүнчлэн голд хивс, хувцас, эд зүйлээ угаасан хүмүүсийг хорьж саатуулах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан. Мөн тухайн үед машин, морь, завиар Туул голын эргээр эргүүл хийж хяналт тавьж байлаа. Амралт зугаалгын үе ирсэнтэй холбогдуулж хүмүүс Туул голыг зорих нь нэ мэгддэг.

Энэ үеэр иргэд машин, хувцас хунараа голын усанд угааж, бохирдуулдаг. Тэгвэл эдгээр хүнд хэрхэн хариуцлага тооцож буй талаар тодруулахаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хэвлэл мэдээлэл, цахим хуудас хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Пүрэвдоржтой хол богдлоо.

-Зуны улиралд хүмүүс голын эргээр амарч, машинаа угаах зэргээр усыг нь бохирдуулдаг. Ийм тохиолдолд тухайн жолоочийн эрхийг хоёр жилээр хязгаарлаж байгаа шийдвэр нь хэвээрээ юү?
-Энэ шийдвэр гарснаас хойш бид анх хоёр, гурван хүн Туулын голын усанд машинаа угааж байсныг илрүүлж жолоочийн эрхийг нь хоёр жилээр хязгаарласан. Одоо ч гэсэн эрхийг нь хасаж байгаа.

Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Е-д зааснаар ус, гол бохирдуулсан гэсэн үн дэслэлээр захиргааны арга хэмжээ авдаг.

-Голд машинаа угааж буй хүмүүсийн тоо буурахгүй байна. Энэ хугацаанд хэчнээн хүн жолоодох эрхээ хасуулсан бэ?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Замын хөдөлгөөнд оролцоогүй хэрнээ гол, ус бохирдуулсан гэдгээрээ энэ зөрчил нь Хэв журмын цагдаагийн хэлтэст хамаардаг.

-Хэн хяналт тавих ёстой юм бэ?
-Усны болон байгаль орчны тухай хуулиар зохицуулагддаг учраас Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар (БОНХГ) хяналт тавьдаг. Наадмын өмнө бид хамтарч ажиллахаар болсон. Удахгүй дээрх асуудлаар тодорхой ажил зохион байгуулах байх. Энэ дагуу БОНХГ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн Байгаль орчин, нарийвчилсан үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Э.Жаргал сайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Гол, ус бохирдуулж эрхээ хасуулсан жолооч хэд байдаг юм бол оо?
-Өдөрт дор хаяж арав гаруй тохиолдлыг илрүүлж, захиргааны арга хэмжээ авдаг. Багцалсан тоо одоогоор алга байна.

-Тэр бүр жолоодох эрхийг нь хасдаггүй гэж сонссон. Хэдэн төгрөгийн торгууль ногдуулдаг вэ?

-Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 5-10 мянган төгрөгөөр торгоод, сануулга өгөөд явуулдаг. Ийм зөрчил гаргасан бол 720 мянган төгрөгөөр торгоно гэж Усны тухай хуульд заасан.

Иргэд үүнийг хэзээ ч биелүүлдэггүй. Ганц машин угаалаа гээд ийм хэмжээний мөнгө өгөхийг эсэргүүцдэг. “Эксел” маркийн машинтай хүн байлаа гэж бодоход бараг машиных нь дайтай өртгөөр торгоно гэсэн үг. Амьдралын боломж тааруу, ухамсар муутай хүмүүс ихэвчлэн голын усанд машинаа угаадаг шүү дээ.

Албаны хүмүүсийн байр суурь нэг иймэрхүү. Эрхийг нь хасах тухай шийдвэр гарчихаад байхад түүнийг биелүүлдэг иргэн, хэрэгжүүлдэг төрийн албан хаагч алга. Гол, усанд машинаа угаадаг хүмүүсийн тоо буурахгүй, нэмэгдэж буй нь хууль, түүний хэрэгжилт сул гэдгийг харуулж байгаа юм.


О.Ундрах