Өнгөрсөн долоо хоногийн тойм

2020-01-03 15:05:55

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн Цэргийн штаб Батлан хамгаалах салбарын 2019 оны “Тэргүүний цэргийн штаб”-аар шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг амжилттай хэрэгжүүлэн, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг бүрэн гүйцэтгэж, ажил үйлсээрээ манлайлсан тул Батлан хамгаалах салбарын 2019 оны Тэргүүний Цэргийн штабаар шалгарсан байна.

Төрийн дээд одон медаль гардууллаа


Нийслэлийн Төр захиргааны байрны  А танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан нэр бүхий 80 гаруй иргэдийн шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс гардуулан өглөө. 

Хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ажиллав

Хүйтний эрч чангарч, ханиад томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаа энэ цаг үед хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн Хүүхдийн тасаг үндсэн 80 ортой ба нэмэлтээр хүүхдийн тасгийн сэргээн засах эмчилгээний өрөө, тоглоомын өрөөг суллаж 22 ор, мэдрэл, уламжлалт, хөнгөвчлөх эмчилгээний тасгийг суллаж 58 ор, дотрын 1 дүгээр тасгийн 50 орыг хүүхдийн тасагт шилжүүлэн нийт 210 ортойгоор хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийг хүүхдийн 3 дугаар тасаг, дотрын тасгийг хүүхдийн 4 дүгээр тасаг болгон зохион байгуулж, амбулаториос эмч, сувилагч татан ажиллуулж байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт нийт 162 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хотын захирагч хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд, эцэг эхчүүдийн санал бодлыг сонсож, эмнэлгийн ажилтнуудад эмчилгээ үзүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлтэй нөхцөл байдлыг сонслоо.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй албан хаагчдыг шагнаж урамшууллаа

Нийслэлийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Энэ хүрээнд 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд дүүргүүдийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналт шалгалт хийх зэрэг ажлыг өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар сайтар зохион байгуулж ажилласан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хорооны албан тушаалтнуудын урамшууллыг байгууллага, дүүргийн удирдлагуудад гардууллаа. Шагналыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан гардуулж өгөв.

"Тавантолгой түлш" ХХК “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар шалгарлаа

Өнгөрсөн хугацаанд олонд танигдсан нэр хүндтэй олон эрхэмд “Алтан сарнай” наадмын цомыг гардуулсан бөгөөд тэд өнөөдөр салбар салбартаа манлайлж байна. “Алтан сарнай” наадам жилээс жилд өргөжин шагналын хүрээгээ тэлсээр байна. Энэ жилийн “Алтан сарнай” наадмын “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар “Тавантолгой түлш” ХХК шалгарч "Алтан Сарнай- 2019" цомын эзэн боллоо. Энэхүү цомыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ий ажилчдад гардуулан өгөв. 

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд нийслэлийн иргэд олноор оролцлоо

Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад нийслэлийн удирдлагууд, уран бүтээлчид, иргэд, олон нийт оролцов.

"Улаанбаатар инновацын төв"-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл сунгагдлаа

Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон "Улаанбаатар инновацын төв"-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл сунгагдлаа. Шинэ санаа, гар нийлсэн баг, ажлын төлөвлөгөө, ажиллах урам зоригоор бялхсан гарааны бизнесүүд маань материаллаг нөөц, туршлага хоёроор л дутдаг билээ. Энэхүү хөтөлбөр нь гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүхий л боломж нөөцөөрөө дэмжих зорилготой бизнесийн инкубатор хөтөлбөр юм.

Богдхан амралт- Ар зайсангийн гудамж чиглэлд автобусны шинэ маршрут нээлээ

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн нийтийн Тээврийн үйлчилгээний Ч:72 “Богдхан амралт-Ар зайсангийн гудамж-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж үйлчилгээг 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байна. Тухайн чиглэлд зургаан дунд багтаамжийн автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна. Энэ чиглэл нь нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Могул таун, Номун виллаж, Зайсан вилла хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл юм.

Угаар мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ. Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн шөнийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн төвд 6 дуудлага иржээ. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна. нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн оны байдлаар Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшний 70 дээжинд шинжилгээ хийсэн. Шахмал түлшний 61, барьцалдуулагч 4, технологийн усанд 2, тортог бууруулагч технологийн усанд 1 удаа шинжилгээг хийсэн. Дотоод болон гадаадаас ирүүлсэн шинжилгээний хариунд шахмал түлшинд хүний эрүүл мэнд байгаль орчинд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй химийн элемэнт илрээгүй. 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар түүхий нүүрстэй холбоотой 71 удаагийн зөрчил илрүүлж, 106,5 тонн нүүрсийг битүүмжилж түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэж өгсөн” гэв.

Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах талаараа санал тавилаа. Мөн NEAR холбооны үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөөг танилцуулав.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс