Орон сууцандаа лаа барьж, нүүрс түлэхгүйн тулд хийх ажил их байна

2013-07-17 00:00:00
Улаанбаатарын хүн ам өдөрт 321-ээр нэмэгдэж байна гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. Орон нут­гаас нийслэл рүү төвлөрөх шилжилт хөдөл­гөөн, төрөөс хүн амаа өсгөх бодлогын үр дүн эцэстээ сөрөг үр дагавар чирч мэдэхээр байна. Наадмын дараа намар гэдэг. Ийм учраас ирэх өвлийг өнтэй давахын тулд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаан­баатар дулааны сүлжээ” компани бэлтгэл ажлаа хэрхэн хангаж буйтай өчигдөр нийслэлийн удирдлагууд танилцлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани нийслэлийн зургаан дүүрэг, Төв аймгийн 16 сумыг дулааны станцуудаас авсан эрчим хүчээр хангах үүрэгтэй. Тэд 2008 онд тус компани 176 мянган хэрэглэгчид үйлчилж байсан бол 2012 онд 242660 хэрэглэгчтэй болжээ. Үүний улмаас хэ­рэглээний ачаалал эрс нэмэгдэж стан­цууд бүрэн хүчин чадлаа шавхаж бай­гаа гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү хэллээ. Иймээс дэд станцуудыг өргөтгөх, эрчим хүчний ши­нэ эх үүсвэртэй болох хамгийн чу­хал гэдгийг тэрээр онцолсон. Хэрвээ бай­дал энэ хэвээр үргэлжилбэл дүн өв­лийн хүйтэнд зарим хорооны иргэд лаа барьж амьдрахаас аргагүйд хүрнэ гэв.
 
Цахилгаан халаагуур дэд станцуудын ачааллыг өсгөжээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 309 дүгээр тогтоолын дагуу гэр хорооллын айлуудад цахил­гаан халаагуур олгосон. Мөн цахил­гааны шөнийн хэрэглээний тарифыг багасгаж, урамшуулал олгоод байгаа. Дээрх хүчин зүйл нөлөөлж гэр хороол­лын зарим хороонд цахилгааны ачаа­лал 41.3 хувиар өсчээ. Тухайлбал Баян­хошууны айл өрхийг цахилгаа­наар хангадаг ТЭЦ II-ын 35 кВ-ын станцын ачаалал өмнөх оныхоос 41.3, Сонгинохайрхан дүүргийн II-VI хороо Толгойтын эцсээс 65 дугаар сургууль, СХД-ийн захиргаанаас хойшхи гэр хорооллыг хангах дэд станцын ачаа­лал 35.7 хувь өссөн байна. Түүнчлэн Хайлааст, Долоон буудал, Чингэлтэй, Дамбадаржаа орчимд 36.6, Ногоон нуур, Дарь эх, Алтан-Өлгий орчмын цахилгааны ачаалал 31.4 хувиар нэмэгджээ. Гэр хороолол ч гэлтгүй хотын төвд цахилгааны хомсдол үүсч мэдэхээр байгаа ажээ. Шинээр орон сууц, оффис, томоохон үйлчилгээний барилгууд хотын төв, захаар сүндэр­лэж байна. Энэ нь нийслэлийн урд хэ­сэг, зүүн хагасыг цахилгаанаар хангаж буй Өмнөд дэд станц, Олимп дэд стан­цын ачааллыг 23.3 хувиар өмнөх жи­лийн­хээс нэмжээ. Нэг давхар барил­гыг чөлөөлж 12 давхар худалдааны төв барихаар ачаалал ихсэх нь аргагүй гэж С.Төмөрхүү захирал хэллээ.
 
Өвөлд зориулсан засварыг аравдугаар сарын 15-нд дуусгана
Хүйтэрч, эрт харанхуй болдгоос өвлийн улиралд цахилгааны хэрэглээ эрс нэмэгддэг. Үүнээс урьтаж буюу аравдугаар сарын 15-нд багтаан “Улаанбаатар цахилгаан түгээх сүл­жээ” компанийнхан их засвар болон урсгал засвараа дуусгахаар ажиллаж байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд тус компани 8.2 тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ тоног төхөөрөмж суурилуулж буй юм. Ингэснээр ирэх өвлийг өнтэй давж чадна гэдгээ С.Төмөрхүү захирал хотын удирдлагуудад амласан. Гэхдээ өмнө нь зайлшгүй хийх хэдэн гол ажил байгаа юм байна. Тухайлбал, 10 мянган өрхийг цахилгаанаар хангадаг Баянхошуу, зургаан мянган өрхийг хангадаг Дашчойнхор дэд станцыг өргөтгөх шаардлагатай ажээ. Үүний тулд Монголбанкнаас таван тэрбум төгрөгийн зээл авахаар салбарын яамдаа асуудал оруулжээ. Мөн улсын төсвийн 17.8, нийслэлийн хоёр тэрбум төгрөгөөр дэд станцуудын хүчин чадлыг нэмэхээр ажиллаж байгаа гэнэ. Үүнээс зөвхөн шинэ барьсан барилгыг цахилгаан эрчим хүчинд холбоход 8.1 тэрбум төгрөг зарцуулах аж.
 
Одоогийн байдлаар өвлийг өнтэй давах боломж байна
Хотыг цахилгаанаар бүрэн ханга­хад ойрын хугацаанд хийх нэлээд ажил байна. С.Төмөрхүү захирал “Гэр хороо­лолд хэт ачаалалд орсон шугам транс­форматоруудын ачааллыг шинэ шугам трансформатор нэмж суурилуулах замаар багасгах, хотын төвд 2x16000 кВт чадалтай 35 кВт-ын дэд станц барьж ашиглах, хотын төвд 6 кВт-ын хува­арилах байгууламж барих, гэр хороо­лолд 35 кВт-ын дэд станцууд нэмж барих ажлыг дурдаж болно” гэсэн. Үүнээс гадна ашиглалтын хугацаа дууссан, ялан­гуяа 30-35 жил болсон шугам сүл­жээ, дэд станцыг шинэчлэх, Улаанбаа­тар хотын төлөвлөлтөд шугам сүл­жээний төлөвлөлтийг дэлгэ­рэнгүй тусган оруулах шаардлагатай байгааг онцоллоо. Оршин суугчдийг гэрэл, цахилгаантай байлгаж гал алдуу­лахгүйн тулд хотын мээр Э.Бат-Үүл боломжтой бүх хэлбэрээр хуулийн хүрээнд тусална гэдгээ мэдэгдсэн юм.
 
Шинэ хэрэглэгчийг цахилгаанаар хангахад хүндрэлтэй гэв
Өнгөрсөн 2012 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид 3000 хэрэглэгч шинээр цахилгаан авах өргөдөл гаргажээ. Харин энэ жил 2219 хэрэглэгчээс өргөдөл ирээд байгаа юм байна. Тус байгууллагын хариуцдаг дэд станцуудын 50-иас дээш хувь нь 30-35 жил болж хуучирсан, дээр нь ачаалал бараг 100 хувьд хүрсэн учраас одоогийн байдлаар 1014 хэрэглэгчийг цахилгаанд холбож чаджээ. Иймээс одоогийн хүчин чадлаар нэмж шинэ хэрэглэгчийг хангах асуудал хүнд байгаа аж. Харин Өлзийт хороолол, Яармаг, Шувуун фабрик, Төв цэвэрлэх байгууламж орчимд шинээр цахил­гааны хэрэглэгч болоход асуудалгүй гэдгийг С.Төмөрхүү захирал хэллээ.
 
Аалзны тор мэт хэрсэн дулааны шугамыг шинэчлэх шаардлагатай
Нийслэлийн удирдлагууд “УБЦТС” компанийн үйл ажиллагаатай танилц­саныхаа дараа “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийг зорилоо. 1959 оноос үйл ажиллагаа явуулж буй тус компа­ни нийслэлийн иргэдийг халуун ус, ду­лаанаар хангадаг. Тус компани 374 км дулааны шугам, найман насос стан­цын тусламжтайгаар одоогоор 2160 хэрэг­лэгчид үйлчилгээ үзүүлдэг талаар компанийн гүйцэтгэх захирал Р.Хай­дав танилцуулав. ТЭЦ IV нийслэлийн дулааны хэрэгцээний 57 хувийг, ТЭЦ III хэрэглээний 39 хувийг, үлдсэнийг нь ТЭЦ II  үйлдвэрлэдэг ажээ. Улаан­баатарт хүн бүр орон сууцанд амьдарч паартай байранд, хэрэглээний усаа хананаасаа авах хүсэлтэй. Гэтэл халуун ус түгээх шугам, насос стан­цууд ачааллаа дийлэхгүй, эвдэрч элэгдвэл хүйтэн байранд амьдрах аргагүй. Иймээс “Улаанбаатар дулаа­ны сүлжээ” компанийнхан хуучин шу­гам хоолойг шинэчлэх шаардлага хамгийн их байгааг онцоллоо. Хотын доогуур аалзны тор мэт хэрсэн ду­лааны шугамын 56.7 км-ыг 1977, 76.4 км-ыг нь 1978-1987 онд суурилуулж ашиглажээ. Өөрөөр хэлбэл 30 жил ус гүйлгэж, хуруу зузаан ган төмөр нь элэг­дээд байгаа аж. Иймээс нэн тэр­гүүнд дулааны шугамуудыг хэсэгчлэн шинэчлэхгүй бол өвөл хэцүүднэ гэд­гийг Р.Хайдав захирал хэллээ. Өнгөр­сөн онд дулааны шугамд 64 гэмтэл гарсныг тэд засчээ.
 
Зайсан, Баянзүрхийн шинэ барилгыг дулаанаар хангах боломжгүй
Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж зөвшөөрөлгүй барилгыг дулаан, цахил­гаанаар хангахгүй гэдгийг сануулсан. Тэгвэл газар эзэмших эрхээ цуцлуул­сан болон хүмүүсийг байранд нь оруулсан компанийнхан Барилга, хот бай­гуулалтын яам, Эрчим хүчний яа­маар эргэлдэх болсон байна. Мөн тэд дулаан, цахилгаан авахын тулд оршин суугчдыг урдаа барьж заргалдах болсон гэнэ. Иймээс арга буюу зөв­шөө­рөлгүй барилгад мөнгөө төлж ор­сон хүмүүсийг “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас түр гэрээгээр дулаанаар хангасан юм байна. Харин энэ жил ийм зүйл давтагдах ёсгүй, оршин суугчдын хохирлыг компани барагдуулах ёстой гэдгийг хотын дарга Э.Бат-Үүл хэллээ. Иймээс компаниуд барилга барих бол Эрсдэлийн сан байгуулж, түүгээрээ иргэдийн хохир­сон эрх ашгийг нөхдөг байх талаар арга хэмжээ авна гэдгийг тэрээр хэлсэн. Р.Хайдав захирал энэ үеэр “Зайсан, Баянзүрх орчимд шинээр барьсан барилга, орон сууцуудыг дулаанаар хангах боломжгүй. Мөн хамгаалалтын зурваст барилга барьсан барилгын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Бид одоогоор шүүхээр зарга үүсгэж байж хамгаалалтын зурвасаа чөлөөлж байна” гэсэн юм.
 
Дулааныг есдүгээр сарын 15-нд өгнө
“Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал Р.Хай­дав нийслэлийн дулааныг хугацаандаа буюу есдүгээр сарын 15-нд өгөх бүрэн боломжтой гэдгийг хэлэв. Тус байгуул­лага өвөлжилтийн бэлэн байдлаа 70 хувийг нь хангаад байгаа ажээ. Тэд Улаанбаатар хотын  дулааны сүл­жээ­ний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүү­лэх, 2013-2014 оны өвөлжилтийн бэлт­гэл хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон өөрийн хөрөнгөөр 5.8 тэрбум төгрөгийн засва­рын ажил хийж байгаа юм. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ф300-700мм голчтой 5150м урт шугам хоолой, нам даралт өргөх насос станц №3-ын хүчин чадлыг нэмэгдүүлэн хувьсах хурдны насосоор шинэчлэн солихоор болсон байна. Түүнчлэн өөрийн хөрөнгөөр ф150-700мм голч бүхий 2820.7 метр урт шугам хоолойг өргөтгөж байгаа ажээ.
 

Г.Улсболд