Үүрэг даалгавар

2013-07-15 00:00:00
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 7 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
НЭГ. Нийслэлийн 2013- 2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг бүх шатанд зохион байгуулж ажиллах.
  • Захирагчийн ажлын алба төрийн болон төрийн бус өмчийн хэвшлийн бүх байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлийг шалгах.
  • Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ашиглалтад орж байгаа барилга болон гэр хороололд шинээр суурьшсан өрхүүдийг энэ онд дулаан, цахилгаанаар хангах техникийн нөхцөл байгаа эсэхийг судлан үзэж байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 2013 оны 8 дугаар сарын 01-ний дотор албан ёсоор хариу өгсөн байх.
ХОЁР. Хөрөнгө оруулалтын ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр удаа дараа өгөгдсөн үүрэг даалгавар төлөвлөсөн хэмжээнд хэрэгжихгүй байгаад онцгой анхаарч ажиллах, хөрөнгө оруулалтын ажилтай холбоотойгоор хариуцлага тооцох.
  • Хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим ажлууд эхлээгүйгээс хөрөнгө оруулалтын зориулалтаар батлагдсан төсвийн үлдэгдэл их байгаагийн шалтгаан нөхцлийг тогтоох, энэ онд хэрэгжих боломжгүйг төсвийн тодотгол хийж,  хөрөнгө оруулалтын өөр ажилд шилжүүлэн зарцуулах саналыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс боловсруулж нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаар хянуулан танилцуулах.
 
ГУРАВ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нар Нийслэлийн 2014 оны төсвийн хүрээний төсөөлөлд 2013 оны 8 дугаар сарын 01-ний дотор саналаа өгсөн байх. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс төсвийн төслийг нэгтгэн боловсруулж нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаар хянуулан Сангийн яаманд хүргүүлэхээр бэлтгэх.
 
ДӨРӨВ. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун Хүй долоон худагт байгуулах “Монгол наадам цогцолбор”-ын ажлын зураг, ерөнхий төлөвлөгөөг гаргаж батлуулах,  наадмын өмнө хийж байсан ажлуудыг үргэлжлүүлэх.
 
ТАВ. Хүй долоон худгийн тохижилт бүхий зам талбай, байгууламжуудыг ашиглан Айрагны баяр хийх, 3000 морьтны жагсаал зохион байгуулах зэргээр байгууллага, аж ахуйн нэгжүүдээс ирж байгаа саналд үндэслэн энэ онд, тэнд явуулах арга хэмжээний хөтөлбөрийг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун холбогдох байгууллагуудаар гаргуулан батлуулж ажиллах, хөтөлбөрөө олон нийтэд мэдээлэх.
 
ЗУРГАА. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.ГэрэлчулуунҮндэсний их баяр наадмын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 169 дүгээр тогтоолын заалтын дагуу Орон нутгийн хамгаалалтад байгаа “Хүй долоон худаг” дахь хурдан морины уралдаан зохион байгуулдаг газрын хилийн заагийг тодруулах, уралдааны замын бүрэн бүтэн байдлыг хамгаалж тэмдэгжүүлэх, зам талбайн тохижилт, засвар арчлалтыг тогтмолжуулах, бэлчээрээс бусад зориулалтаар газар ашиглуулахгүй байх ажлыг холбогдох байгууллагуудаар байнга гүйцэтгүүлэхийн дээр Хүй долоон худгийн ашиглалтын захиргаа байгуулах санал боловсруулж танилцуулах.
 
ДОЛОО. Захирагчийн ажлын алба Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт баяр наадмын үеэр ашиглаж байсан био нойлуудыг байнгын ашиглалттай болгох зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, гэр хорооллын тодорхой хэсгүүдэд тавьж ашиглах асуудлыг судалж шийдвэрлэх.
 
НАЙМ. Байгууллагууд баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн байдлаа дүгнэж, баяр наадмын үйлчилгээг иргэдэд хүргэхэд сайн ажилласан хамт олон, ажилтнуудаа урамшуулах.
  • Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун хэвлэлийн бага хурал хийлгэх, нэгдсэн тайланг гаргаж Засгийн Газарт хүргүүлэх.
ЕС. Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд иргэдтэй хийх уулзалтын өрөө бэлтгэх, уулзалтын тэмдэглэл хөтлөх, угтах үйлчилгээний ажилтан ажиллуулах ажлыг зохион байгуулж, энэ тухай харилцааг “Иргэдтэй хийх уулзалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам”-даа тусган баталж, мөрдүүлэх
  • Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт гаргасан нэр бүхий иргэдтэй уулзах ажлыг дүүргүүдийн ЗДТГ ойрын өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулах.
  • Цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд шат шатандаа иргэдийг хүлээн авч санал гомдол, тавьсан хүсэлтэд нь  хуулийн хугацаанд хариу өгч хэвших.
АРАВ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар Спорт цогцолборын баригдаж байсан барилгын гаднах гэрэлтүүлгийн 4 цамхагийг буулгах ажлыг дүүргийн ЗДТГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраар хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангуулан гүйцэтгүүлэх.
  • Уг ажлыг гэрээгээр гүйцэтгэх байгууллагын боловсруулсан технологийн зураг, удирдамжийг хянаж, батлан мөрдүүлэх.
АРВАН НЭГ. Дүүргүүдийн Засаг даргын Тохижилтын асуудал хариуцсан орлогч дарга нар орон сууцны хорооллын доторхи цэвэрлэгээг тогтмолжуулж цэвэр, тохилог орчныг бий болгох.
 
АРВАН ХОЁР. Захирагчийн ажлын алба Энхтайвны өргөн чөлөөнд авто замын үзэгдэх орчныг хааж байрлуулсан рекламын самбаруудыг ойрын өдрүүдэд буулгаж дуусгах.
  • Цаашид нийтийн орон сууцны барилгын ханыг ашиглан рекламыг төлбөртэйгээр байрлуулах чиглэл барьж ажиллах.
АРВАН ГУРАВ. Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хамтран “Азийн цагаан дагина” гэсэн бичвэр бүхий хогны уутыг айл, өрхүүдэд тарааж, хэрэглэж хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх.
 
АРВАН ДӨРӨВ. Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх тухай” А/335
       “Иргэдийн амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж тохижилт хийх ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай” А/306 
    “Эзэмшил газар дахь ногоон байгууламж болон орчны нийтийн эдэлбэрийн газрын тохижилт цэвэрлэгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцуулах, тохижилтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, түүний ажиллах удирдамж батлах тухай” А623 дугаар захирамжуудыг хэрэгжүүлэх ажлыг дүүргүүдийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг захирамжаар үүрэг хүлээсэн байгууллагууд хэрхэн зохион байгуулж байгааг нийслэлийн Засаг даргын дээрх ажлыг хариуцсан орлогч дарга нар авч үзэж эрчимжүүлэх.
      Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат захирамжуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилга барихаар зөвшөөрөгдсөн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран ажлаа явуулж чадахгүй байгаа компаниуд болон иргэдийн хамтарсан уулзалт, ярилцлагыг газар дээр нь зохион байгуулж зохицуулан,  ажлаа саадгүй явуулах нөхцлөөр хангаж өгөх.
 
АРВАН ТАВ. Нийслэлийн ЗДТГ нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хийсэн судалгаандаа үндэслэн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах асуудлыг Монгол банктай ярилцаж шийдвэрлэх.
 
АРВАН ЗУРГАА. Иргэдийн тав тохитой ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Хот тохижилтын газар явган хүний зам цэвэрлэх техникүүдийг яаралтай оруулж ирэх, Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн ЗДТГ өвлийн улиралд хальтиргаа гулгаа арилгахад шаардагдах тоног төхөөрөмжүүдийг татан авч ажилд бэлэн болгож нөөцлөх.
 
АРВАН ДОЛОО. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас эхний хагас жилээр ирүүлсэн ажлын тайланд үндэслэн үр дүнгийн гэрээний хариуцлага тооцох ажлыг нийслэлийн ЗДТГ энэ сард багтаан хийх.
 
АРВАН НАЙМ. Тарваган тахал, байгалын голомтот халдварт өвчин, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг цаг үеийн арга хэмжээг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагууд хамтран авах.
 
            
                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
                                                  ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС