Газар өмчлөх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

2013-07-15 00:00:00
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 07 сарын 15-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр “Үндэсний их баяр наадам”-ыг тэмдэглэн өнгөрүүлсэн талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
“Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 75 төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс 74-ийг нь амжилттай зохион байгуулж, “Дээлтэй монгол” наадам цаг агаарын нөхцлөөс шалтгаалан 7 хоногоор хойшилсон. Нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалтын ажлууд сайн байлаа. Баяр наадмын нийт зардалд 1,5 тэрбум, “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам” цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад 14 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ 7 хоногт “Үндэсний их баяр наадам”-ын салбар хороодын мэдээллийг авч нэгтгэн, зохион байгуулалтын нэгдсэн дүнг Засгийн газарт танилцуулна” гэлээ.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хийгдсэн тохижилт, цэвэрлэгээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр “Төв цэнгэлдэх” болон “Хүй долоон худаг” дахь цэвэрлэгээ 21 хоногийн өмнөөс эхэлсэн. Тиймээс наадмын үеэр тохижилт, хогны асуудал харьцангуй гайгүй байсан гэж хэлж болно. Тохижилт үйлчилгээний ажилтнууд өргөн бүрэлдэхүүнээр ажилласнаас гадна сайн дурын ажилтнууд иргэдийг хогоо хогийн саванд хийхийг уриалж ажилласан. Худалдаа үйлчилгээ эрхэлсэн аж ахуйн нэгж бүрт 10 ширхэг “Азийн цагаан дагина” хогны уут тараасан нь үр дүнгээ өглөө” гэж мэдээллээ.
Өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-аас мэдээлэл хийж, “Үндэсний их баяр наадам”-ын үеэр гэмт хэрэг, осол аваарын дуудлага өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй багассан үзүүлэлттэй байсныг онцоллоо.  Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир “Баярын өдрийг далимдуулан БЗД-ийн 25-р хорооны нутаг дэвсгэрт иргэн н.Мандахын барилга зөвшөөрөлгүй барилгын ажлаа эхэлсэн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгаж, барилгын ажлыг зогсоосон. Наадмын өмнө шүүх хурлаас барилга барих шийдвэр гарсан гэсэн ч шүүхийн шийдвэр байхгүй учир барилгын ажлыг зогсоосон байгаа. Мөн БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Алтай хотхоны дэргэд далан сэтэлж байна гэсэн мэдээллийн дагуу шалгаж зогсоосон байгаа” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийнИргэдийг хүлээн авах төвийн 2013 оны эхний хагас жилийн тайланг танилцууллаа.
2013 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан 20439 өргөдөл, гомдол хүлээн авч,18 414 өргөдөл буюу 90,1%-ийг нь шийдвэрлэж, хариу өгчээ. Иргэдийг хүлээн авах төвд хандах иргэдийн хандалт нэмэгдэж байгаа бөгөөд өргөдөл, гомдол шийдвэрлэх явцыг сайжруулахаар ажиллаж байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө “Үндэсний их баяр наадам”-ыг амжилттай зохион байгуулахад хүчин зүтгэсэн нийт ажилтан, албан хаагчдадаа талархал илэрхийлье. Энэ жилийн баяр наадам сайхан болж өнгөрсөн талаар наадамчин олон сэтгэгдэл өндөр байгаад баяртай байна. Гэхдээ зарим алдаа дутагдлыг засч сайжруулах шаардлагатай байна. Нэн түрүүнд “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын зургийг яаралтай бэлэн болгож, ажлыг хугацаа алдалгүй үргэлжлүүлэх, мөн багагүй хөрөнгө зарцуулж буй учир “Хүй долоон худаг”-т дан ганц наадам биш өөр олон арга хэмжээг зохион байгуулах тул нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргах хэрэгтэй.  Дүүргүүдийн Засаг дарга нар дүүрэг доторхи цэвэрлэгээгээ сайжруулах, Захирагчийн ажлын албаныхан хогны уут тараах ажлаа эрчимжүүлэх, буулгах жагсаалтад байгаа самбаруудыг алагчлалгүй, яаралтай буулгах. Мөн НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Гэвч иргэдэд өмчлүүлэх гэж байгаа газруудад нийслэлд нүүж ирсэн иргэд зөвшөөрөлгүй суурьших болжээ. Үүнийг  таслан зогсоо. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэний бүртгэлийн ажилд анхаарал хандуул. Бусдын өмчид халдах нь хэвийн үзэгдэл байж болохгүй. Дээрээс нь иргэдийн газар өмчлөх бэлтгэл ажлыг хурдасгах талаар холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.