Борлуулалтын урамшуулал олгох эрх шилжүүлэх тухай

2019-12-02 10:15:57

2019 оны 12 сарын 02-ны өдөр                                        Дугаар А/1269                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Борлуулалтын урамшуулал олгох

эрх шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2,  Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хорих тухай” 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны 2019 оны 19/12 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор нэг тонн сайжруулсан  түлшний борлуулалт тутамд 15000 /арван таван мянган/ төгрөгийн борлуулалтын урамшуулал олгох санхүүжилтийг улирлаар тооцож, урьдчилгаа санхүүжилтийг “Таван толгой түлш” ХХК-нд шилжүүлэхийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т даалгасугай.

 

    2.Сайжруулсан хатуу түлшний борлуулалтын урамшууллын сар бүрийн гүйцэтгэлийн тайлан мэдээг ирүүлж байх, борлуулалтын урамшууллыг  гүйцэтгэлээр тооцож борлуулагч нарт олгох эрхийг “Таван толгой түлш” ХХК  /М.Ганбаатар/-д  шилжүүлсүгэй.

 

   3.Сайжруулсан түлшний борлуулалтын урамшууллын санхүүжилтийг 2019 оны батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

 

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Мөнхжаргал/-д даалгасугай.

 

      5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Борлуулалтын урамшуулал олгох тухай” А/967 дугаартай захирамжийн хүрээнд “Таван толгой түлш” ХХК-тай байгуулсан борлуулалтын урамшуулал олгох гэрээний тооцоог 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцоо нийлэхийг Нийслэлийн Агаарын Бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т даалгасугай.

 

 

                   

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН