Наадмын өдрүүдэд Мэргэжлийн Хяналтын 122 байцаагч ажиллана

2013-07-08 00:00:00
Баяр наадмын өдрүүдэд Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын 122 улсын байцаагч ажиллаж, хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ явуулах газруудад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжлийн аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.  Мөн өөрийн байранд болон төв лаборатори-т 7 -р сарын 10-ны өдрийн 09.00 цагаас 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулан, болзошгүй хордлого, хордлогот халдвар, дэд бүтцийн асуудлаас урьдчилан сэргийлэх юм. Түүнчлэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” болон “Хүй долоон худаг”-т явуулын лаборатори ажиллаж, газар дээрээс нь дээж авч шинжилгээнд хамруулж ажиллана. Мөн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм. Баяр наадам болохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулахаар хог хаягдлын цэвэрлэгээ зайлуулалт, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байрлах худгийн усны дээжийг шинжилгээнд хамруулаад байна. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж иргэдэд худалдаа үйлчилгээний мөрдөх горим, анхаарах зүйлсийн талаарх зөвлөмжийг хүргүүлж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ