Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг боллоо

2019-11-29 22:30:46

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанд нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/ 23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2020 оны төсөв батлах талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцууллаа.

2019 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 31,9 тэрбум  төгрөгийн орлого төвлөрөхөөр батлагдснаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 986 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төсвийн орлогын төлөвлөгөө 45 тэрбум төгрөгөөр тасрах урьдчилсан төлөвлөгөө байна. Төсвийн орлого бүрдүүлэлтийг хот дүүргээр нь задлаж урьдчилсан гүйцэтгэлийн тайланг мэдээллэв. Төсвийн тухай хуулийн зүйл заалтын дагуу  хотын шуудын 2019 оны төсвийн нийт орлого, зарлагын дунд өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөлд тусгасан талаар хотын Захирагч дурдлаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 6,0 хувиар тооцсон байна. Нийслэлийн 2020оны төсвийн хэлэлцүүлгийг иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлж гарсан саналыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсвийн төсөлд тусгажээ. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн 2020 оны төсвийн төслийг татварын шинэчлэлийн хүрээнд хялбаршуулсан горимыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, “Цахим ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэл бодлогыг баримталж ажиллах талаараа дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ гэв.

2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Ийнхүү нийслэлийн 2020 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар авч хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгийн явцад НИТХ-ын төлөөлөгчид төсвийн төсөлд оруулах тодорхой саналаа илэрхийлж, холбогдох газар хэлтэс, агентлагийн дарга нар хариулт авлаа.

Ирэх сарын 2-нд төсвийн хоёр дах хэлэлцүүлгийг хийхээр товлолоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс