Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зохицуулах шинэчилсэн журам гаргана

2019-11-29 18:16:04

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай хэлэлцлээ. Танилцуулгыг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хийв.

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2013-2019 онд Улаанбаатар хотод 1848 айлын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Үүнээс 1429 айл гэр хорооллоос орон сууцанд орж, 6468 яндан буусан гэсэн дүн гарчээ. “2019 оны хувьд 3086 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2013-2019 оны инженерийн шугам сүлжээний ажилд нийтдээ 129.9 тэрбум төгрөг зарцуулсан. Цаашид инженерийн шугам сүлжээнд хөрөнгө оруулалт хийснээр 13.794 нэгж талбар газар чөлөөлөгдөж 79.239 орон сууц шинээр ашиглалтад орох боломжтой” гэж нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хэллээ.

Энэ оны байдлаар 37 хэсэгчилсэн талбайд 32 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа аж. Мөн 14 байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулжээ.

Монголын Үндэсний Аудитын газраас 2016 онд шалгалт хийж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох журмын шаардлагыг хангаагүй, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн барилга угсралтын ажлын санхүүжилтийг өөрийн эх үүсвэрээр шийдвэрлэх гурван талт гэрээний үүргийн биелэлт хангалтгүйн улмаас төслийн хэрэгжилт удааширч нийт 491 өрхийн амьдрах нөхцөл хүндэрсэн гэх дүгнэлт гаргасан байна.  Аудитын дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажилласан талаар нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг дурдлаа. Мөн энэ үеэр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийгдсэн газар чөлөөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Хариуцлагагүй, чадваргүй аж ахуйн нэгжүүдийн буруугаас болж олон иргэн хохирсон. Тухайн үеийн хотын удирдлагууд бодлогогүй, нэгдмэл байр суурьгүй ажилласан учраас гэр хорооллын дахин төлөвлөлт эмх замбараагүй явагдсан. Цаашид хот төлөвлөлтийн бодлогоо зангидаж аж ахуйн нэгжүүдтэй харилцан уялдаа холбоотой ажиллах ёстой. Орон сууцны хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлж, дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, гэр хорооллыг төлөвлөж төсөл хэрэгжүүлэх бодлогоо аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд танилцуулах, төсөл хэрэгжүүлэхдээ нийслэлийн төлөөлөгчдөөс санал авч байх зэрэг санал хэлж байв.

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг зохицуулах журмын гол зорилгыг тодорхой болгож, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулж яаралтай шинэчилсэн журмыг боловсруулахыг НИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс