Хамгаалалтын бүсэд ороогүй зуслангийн газрыг өмчлүүлнэ

2013-07-05 00:00:00
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн уулын 26 аманд дахь зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай захирамжийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гаргасан. Одоогоор ойн сангийн хамгаалалт, цэвэр ус, усан сангийн хамгаалалт, үерийн ам, эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд ороогүй айл өрхийн тоог гаргах судалгааг эхлүүлжээ. Тооллогын ажил энэ сарын сүүлээр дуусах бөгөөд эндээс газраа өмчлөх боломжтой айлын тоо тодорхой болох юм. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа.
-Зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай захирамж гарсан. Захирамжаар аль дүүргийн зуслангийн газрыг нь өмчлүүлэх вэ?
-Захирамжаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх 26 аманд орших зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр бол­сон. 2012 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ 26 амыг хэсэгчилсэн ерөнхий тө­лөвлөгөөнд хамруулсан юм. Үүний дагуу хийгдэж байгаа ажил гэж ойлгож болно. 
-Хэсэгчилсэн ерөнхий төлөв­лө­гөөг баталснаас хойш эд­гээр газарт шинээр зуслангийн газар авсан иргэдэд газрыг нь өмчлүүлэх үү?
-Нийслэлийн Засаг даргын захи­рамж гарснаас хойш өмчлүүлэх бо­ломжтой айл өрхийн тооллогын ажлыг эхлүүлсэн. Эзэмших эрхийн гэрчил­гээ хэзээ авсан байх нь хамаагүй. Гол нь эзэмшсэн газар нь ойн сангийн бөгөөд цэвэр ус, усан сангийн хам­гаалалт, үерийн ам, эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд ороогүй байх ёс­той. Тооллогоор үүний нарийвчил­сан судалгааг гаргаж, зуслангийн газар өмчлүүлэх ажлыг эхлүүлнэ. Нэг үгээр бол хамгаалалтын бүсэд орсон айл, өрх газраа өмчилж авах эрхгүй. Мөн газраа өмчилж авах иргэд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэсэг­чилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу газрыг өмчлүүлнэ гэж байгаа. Үүнийг тод­руулбал, зуслангийн газрын хэм­жээ­нээс хэтэрсэн, зөвшөөрөлгүй хашаа барилга барьсан, зарим нь хуу­чин пионерийн, нийтийн зуслан­гууд буюу эзэмшил газаргүй зөвхөн байшингийн сууриар нь эзэмшдэг айлууд бий. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тухайн зам талбайг хэрхэн тусгаж өгснөөр эдгээр айл өрхийн газрын асуудлыг шийдвэр­лэнэ. Том газартай айл байвал газар нь багасч болно. Газрын хэмжээ нь тогтоосон хэм­жээнээс бага байсан бол томрох бо­ломжтой.
-Тооллогын хугацаа хэзээ дуусах вэ?
-Энэ сарын сүүлээр дуусна.
-Хамгаалалтын бүсэд байгаа айл өрхийн газрыг хэрхэх вэ?
-Эдгээр өрхөд газрыг нь одоогоор өмчлүүлэхгүй. Ерөнхий төлөвлөгөө­ний хэрэгжилтээс хамаарч шийдвэр гаргана.
-Бусад дүүргийн зуслангийн газрыг хэзээнээс өмчлүүлэх вэ?
-Хан-Уул, Сонгинохайрхан, Баян­зүрх гэсэн гурван дүүрэгт зуслангийн газар бий. Эдгээрт зуслангийн газар одоогоор өмчлүүлэхгүй. Ирэх жилийн төлөвлөгөөнд тусгана. Үүний тулд энэ ондоо багтаан тооллого хийх төлөв­лөгөөтэй байгаа.
Албаны хүний хэлснээр ирэх сар гэхэд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх бололтой. Харин ул­сын төс­вийн хөрөнгө оруулалтаар зуслан­гийн чиглэлийн замыг нөхөн сэргээх, шинээр засах ажил эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Үүний нэг нь Шарга морьт-Жигжидийн уулзва­раас Гүнтийн даваа хүртэлх таван км авто замын ажлыг “Жэй Кэй Си” ХХК гүйцэтгэж байгаа. Тус уулзвараас хойш 900 метр замд өргөтгөлийн газар шорооны ажил болон ус зайлуулах хоёр төмөр бетон хоолой угсрах ажлыг хийхээр энэ сарын 10-ныг хүр­тэл замыг хаасан байна. Ажлын явцад Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн авто замын хоёр талаар байрлалтай 40 гаруй айлын хашаа авто замын өргөтгөлийн зурваст орсон тул яаралтай газар чөлөөлөх шаард­лага­тай болсон байна. Одоогоор энэ ажилд ямар нэгэн саад тулга­раагүй байгаа аж.