Мэндчилгээ

2019-10-29 14:10:48

Эрхэм хүндэт нийслэлчүүд Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн мэндийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Тэртээ 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй.

Дөрвөн зууны намтар хуудас, нүүдэл хөсгийг тэнчээлсэн нийслэл хотынхоо түүхэн замналаар энэхүү түүхэн өдөр бид бахархахгүй байхын аргагүй. Нийслэл хот маань үүсэн байгуулагдсанаасаа хойш 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэл суудал хийсний эцэст 1778 онд өнөөгийн Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндийд суурьшсан билээ.

Өдгөө Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь амьдарч, ажиллаж, суралцаж буй. Түүнчлэн нийслэл хот маань Монгол Улсын ДНБ-ий 65 хувийг дангаар үйлдвэрлэж, үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа эдийн засаг, нийгэм соёлын гол төв болон хөгжиж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх сүүлийн жил хаяанд ирлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэн тэргүүнд иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин Хүн төвтэй хот бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Хотын хөгжлийг иргэд, оршин суугчдын идэвх зүтгэлгүйгээр, хувийн хэвшлийнхний оролцоо дэмжлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Улсын хөгжлийн зүтгүүр болсон Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид Та бүхэндээ дахин баяр хүргээд, амьдрахын урам аз жаргал, эрүүл энхийг, ажиллахын урам амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

 Нийслэл хотын маань хөгжил үүрд цэцэглэн мандаж, нийслэлчүүдийн минь буян заяа өнөд дэгжин дээшлэх болтугай.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц