Хотын үйлчилгээг сайжруулахад чиглэсэн 42 төсөл, арга хэмжээг төсвийн тодотголд оруулжээ

2013-06-21 00:00:00
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 6 дугаар сарын 20-нд болж хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Нийслэлийн 2013 оны төсвийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд төсвийн гол агуулга нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа юм. Тиймээс 2013 оны төсөвт тодотгол хийж төрийн үйлчилгээг сайжруулж иргэдэд ойртуулах, хот тохижилт,  бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг шуурхайлж, нэмэгдүүлэх  зорилгоор НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу төсөвт тодотгол хийхээр танилцуулж байна гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас  2013 оны төсвийн тодотголд тусгуулахаар 579 төсөл, арга хэмжээний санал ирсэн байна.Эдгээрээс зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн 42 төсөл, арга хэмжээг тодотголд оруулжээ. Тухайлбал, Соёлын төв өргөө, Монголын Хүүхдийн ордонд их засвар хийж шинэчлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд гэрэлтүүлэг хийх, алслагдсан хорооллуудын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх дунд оврын 10 ширхэг автобус авах, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори байгуулах зэрэг төсөл, арга хэмжээг  төсвийн тодотголд  шинээр оруулжээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд, нийслэл хотод шинээр баригдах цэцэрлэг-бага сургуулийн цогцолборын барилгын ажлын зураг төсвийг төсвийн тодотголд нэмж оруулах, хот тохижилтын ажлын хүрээнд шинэ техник хэрэгсэл худалдан авах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлэхэд шаардагдах зарим хөрөнгийг 2013 оны төсвийн тодотголд оруулах шаардлагатай байгааг хэлсэн юм. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт болон гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн иргэд нэмэгдэж байгаа учраас төлөвлөлтөд хамрагдаагүй гэр хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулж,  шаардагдах хөрөнгийг гаргах хэрэгтэй гэсэн саналыг нийслэлийн Засаг дарга хэллээ. Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, бид гадны компаниудтай хамтран Улаанбаатар хотын дүүргүүдийг бүхэлд нь дахин төлөвлөх ажлыг хийж байгаа. Одоогийн байдлаар Германы компанитай хамтран Баянзүрх дүүргийг бүхэлд нь төлөвлөж, эскиз зургийг боловсруулж байна. Иймд тусгайлан ажлын хэсэг гаргах шаардлагагүй гэлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцээд гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
 
Хорооны нийгмийн ажилтнуудыг чадавхижуулна
 
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 13 700 гаруй дуудлага ирсэн байна. Эдгээрээс 3000 гаруй дуудлага нь 3-аас дээш удаа гэр бүлээ хүчирхийлсэн давтан дуудлага гэдгийг цагдаагийн газраас онцоллоо. Цагдаагийн байгууллагын хувьд дуудлагаар очин таслан зогсоож, шаардлагтай үед хохирсон хүмүүсийг эмнэлэгт хүргэх, хүчирхийлэл үйлдэгч этгээдэд захиргааны хуулийн дагуу хариуцлага тооцох зэрэг арга хэмжээ авч байгаа ч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дорвитой ажил хийх боломж төдийлөн байхгүй гэдгийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хэллээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлыг хангах,  хүчирхийлэл үйлдэгчид оноох хариуцлагын тогтолцоо сул гэдгийг ч хэлж байлаа.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нарын оролцоо маш чухал гэж үздэг. Тиймээс цаашид нийгмийн ажилтнууд болон орцны жижүүр, хэсгийн ахлагч нарт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн сургалт зөвлөгөөнд хамруулж мэдээлэл өгөх шаардлагтай байна гэсэн юм. Мөн хохирогчийг түр хугацаанд байлгаж, хамгаалах байрны хүрэлцээ муу, энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байгаа учраас дүүрэг бүрт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарыг хамгаалах түр байрыг шинээр байгуулах хэрэгтэйг онцоллоо.

Цаашид урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдээлэл өгөх сургалт зохион байгуулах, хүүхдийн эрхийг хамгаалах, буруутай этгээдэд хариуцлага тооцох тогтолцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, дээрх төлөвлөгөөний дагуу гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цаашид авах арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ