Бага тойруу бидний өв

2019-10-03 12:37:09

XX зуунд сэргэн мандсан Монгол үндэстний хөгжлийн бэлгэ тэмдэг болох улсын нийслэл Улаанбаатарыг монгол түмний их бүтээн байгуулалтын үр дүн, нүүдэлчин ард түмний нутагт байгуулсан хамгийн том суурин газар гэдгийг судлаачид хэлдэг. Эртний Хүннү гүрний нийслэл Луут хот, Уйгарын эзэнт улсын нийслэл Хар балгасун, дэлхийн олон хэлтэн чуулсан Монголын эзэнт гүрний нийслэл алдарт Хархорум хотын оршин суугчид хүртэл нэг саяд хүрдэггүй байжээ.

1911 оны арванхоёругаар сарын 29-нд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан Богд хаант Монгол Улсын шинэ нийслэлээр тухайн үеийн “Их хүрээ”-г тунхаглан зарлаж “Нийслэл хүрээ” болгосон түүхтэй. Улаанбаатар хотын шавыг 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнд залж, “Өргөө” байгуулж өгснөөс хойш сүүлийн 300 гаруй жилийн турш Монгол үндэстний улс төр, эдийн засаг, соёлын төв болж хөгжин цэцэглэсээр буй их хот юм. Энэ жил Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380, нийслэл хот болсны 107 жилийн ой тохиож буй. Тиймээс бид улсын нийслэл Улаанбаатар хотын төв, бүтээн байгуулалтын амин сүнс болсон “Бага тойруу ба түүний өв”-ийн тухай өгүүлэхийг зорилоо.

1946 онд Сайд нарын Зөвлөлийн 47 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах урьдчилсан ерөнхий төлөвлөгөө батлагдаж, энэ төлөвлөгөөнд хотын төв болон хөдөлгөөн ихтэй гол гудамжуудыг 24-30 метр өргөн, ердийн гудамжуудыг 15-22 метр өргөн байхаар бодож барилгажуулна. Хотын төв хэсэгт барих барилгыг хоёроос дээш давхар байхаар төвийн хэсэгт нягтруулан барих, хотыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх ажлыг баруун тийш Холбооны яам буюу одоогийн Төв шуудан хүртэл үргэлжлүүлэх, Их сургуулийн гудамж болон бусад гудамжинд мод тарих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг заажээ.

Ийнхүү дайны дараах “Энх цагийн бүтээн байгуулалт” хотын төвийн Бага тойруугаас эхэлсэн гэдэг. 1945-1950-иад онд Улаанбаатар хотын төвийн хэсэгт Д.Сүхбаатарын талбайн зүүн хойно МУИС-ийн барилга, үүний баруун талд 72 айлын сууц, талбайн зүүн хэсэгт Улсын төв театрын барилга, үүнээс урагш Гадаад яам, Төв поликлиник, зүүн талд нь Нэгдүгээр амаржих газар, төв талбайн баруун өмнө хэсэгт Улсын нийтийн төв номын сан, Х.Чойбалсангийн өвлийн ордон, талбайн баруун талд Элдэв-Очирын нэрэмжит кино театр, Алтай зочид буудал, хоймор талд нь Засгийн газрын ордны барилгыг барьсан аж. Ингэж Улаанбаатар хотын төв талбай орчмын өнөөгийн төрх бий болж, “Орчин үеийн хот” болох эхлэл тавигдсан байна. Эдгээр барилгын ихэнх нь “Неоклассизмын үе”-ийн загвартай. Өнөөдөр ч Улаанбаатар хотын хамгийн гоёмсог барилгууд хэвээр байна. Эртний Грек, Антикийн үеийн барилгууд Европт XVIII зуунд дахин дэлгэрснийг “Неоклассизмын үе” гэдэг. Өөрөөр хэлбэл, тус барилгууд сонгодог загварын уран яруу хийцтэй. Хана, хаалга, цонхноосоо эхлээд л сийлбэр, зурган чимэглэл бүхий урлагын бүтээл мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Дэлхийн II дайны дараа Монголын удирдагчдын хүсэл, сонирхол, ЗХУ-ын тусламжаар дээрх барилгуудыг барьж байгуулсан аж. Манай үеийнхэн нийслэл хотынхоо төв хэсэг, тэр дундаа Бага тойруугийн барилгууд ихэвчлэн баганат загварын байшингуудаас бүрдсэн неоклассик найруулгатай болохыг төдий л мэддэггүй, анзаардаггүй. Зарим нэгэн нь социализмыг санагдуулсан “хуучин барилгууд” гэж ад үзэх нь ч бий. Гэтэл орчин үеийн анхны нийтийн номын сан, кино театр, дуурийн театрын барилгууд баригдсанаар нийтийн соёл, боловсролын хөгжилд томоохон дэвшил авчирсан төдийгүй “Азийн цагаан дагина” алдрыг хүртэхэд ч эдгээр барилгын уран нарийн, гоёмсог загвар ихээхэн нөлөөлсөн нь дамжиггүй.

Бага тойруу бол Улаанбаатар хотын хамгийн гоёмсог хийцтэй, сонгодог загварын барилгуудаас бүрдсэн “цогцолбор” бүтээн байгуулалт гэдэг утгаараа манай нийслэлийн “үнэт өв”, “өнгө төрх”, “амин сүнс” нь болно. Бидэнд ойр Москва, Бээжин зэрэг суурин иргэншлийн томоохон төвүүдээс хот бүр өөрийн өвөрмөц дурсамжтай гэдгийг харж болно. Тэрхүү өвөрмөц дурсамж, ой санамжийг бүрдүүлэгч нь тухайн хотын өв соёл, архитектурын дурсгалууд байдаг билээ.

Улаанбаатар хотын Бага тойруу, тэнд байрлах сонгодог загварын барилга байгууламж, орчин үеийн өндөр өндөр шилэн цамхагуудын хослол XXI зууны шинэ Улаанбаатар хотын дүр төрх байх учиртай. Энэ бодолдоо хөтлөгдөн, Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендер зарлагдаж, Үндэсний номын сан, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын сонгодог загварын барилгуудыг сэргээн засварлах асуудал яригдаж байгаа энэ үед Бага тойруугийн үнэ цэнэ, өв соёлын сэдвийг хөндөж, нийслэл хотынхоо ой санамжийг дахин нэг сануулахыг хүссэн юм.

Бага тойруугийн гудамжны сонгодог загварын барилгууд нь түүх, соёлын болон архитектурын дурсгалт өвийн жагсаалтанд орсон байдаг ажээ. Аливаа хотын бүтээн байгуулалтын түүхийг гэрчлэх барилгууд, цогцолбор гудамж бол тус хотынхоо үнэт өв болдог. Ингээд Бага тойруугийн гудамжийг нэгэн “Сонгодог загварын цогцолбор дурсгал” болгож буй түүх, соёлын дурсгалт барилга, хөшөө дурсгалуудыг танилцуулж байна.  

Бага тойруу дахь сонгодог загварын барилгууд

Төрийн ордны барилга: Тус барилгыг 1946-1951 онд ЗХУ-ын Ворошиловск хотын “Зөвлөлүүдийн ордны” барилгын зураг төслийг ашиглан хэмжээ, хийц, даацыг Монголын нөхцөлд тохируулан өөрчилж барьжээ. Засгийн газрын ордны анхны өргөтгөлийг 1958-1961 онд, хоёр дахь өргөтгөлийг 1981 онд хийсэн. 1954 онд ордны урд хэсэгт Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилын Бунхант индрийг байгуулсан. Үүнийг 2005 онд буулгаж, оронд нь 2006 онд Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Чингис хааны хөшөөг барьж байгуулсан юм.

Монголын үндэсний номын сангийн барилга: Монгол Улсын үндэсний хэмжээний номын сангийн зориулалтаар барьсан анхны барилга. 1946-1951 онд барьж, ашиглалтад оруулжээ. 1946-1947 онд барилгын ажилд Халх голын дайнаас олзлогдсон 200 орчим япон цэргийг дайчлан ажиллуулжээ.

Улсын драмын эрдмийн театрын барилга: 1956 онд нийслэлийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулжээ. Зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, тус хуримтлуулсан хөрөнгөөр 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны аравдугаар сард ашиглалтад оруулсан байна.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга: Улсын төв театрын барилга байгуулах тухай Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1940 онд гарч, хөрөнгийг нь төсөвлөсөн боловч эх орны дайны улмаас барилгын ажил хойшилсон байна. 1946 оны зургадугаар сарын 28-нд анхны суурийн чулууг тавихад Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар оролцжээ. Барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, Герман архитектор Герхард Козель 1945 онд зохиож, улмаар 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид, японы олзлогдсон цэргүүд барьж ашиглалтад оруулжээ.

Гадаад харилцааны яамны барилга: Гадаад харилцааны яамны барилга бол Улаанбаатар хотын төв хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан томоохон барилгуудын нэг юм. Энэхүү барилгыг ЗХУ-ын архитектор Н.Щепетильников, В.Шульгин нарын зураг төслөөр 1946-1948 онд барьсан.

Элдэв-Очирын кино театр буюу Хөрөнгийн биржийн барилга: ЗХУ-ын архитектор М.С.Яшвины 1946 онд зохиосон зураг төслөөр 1946-1948 онд Монголын анхны орчин үеийн кино театрын зориулалтаар баригджээ. Уг барилгад 1948-1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр байсан бол 1990 оноос хойш Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж байна.

Алтай зочид буудлын барилга буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын барилга: Дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтын хүрээнд 1946-1948 онд баригдсан барилга юм. Энд Монголын орчин үеийн анхны Алтай зочид буудал 1948-1964 онд байрлаж, 1964 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хотын захиргаа байрлаж байна.

МУИС-ийн Нэгдүгээр байр: Тус барилгыг 1943 оноос эхлэн барьж, барилгын зүүн хэсгийг 1947 оны гуравдугаар сарын эцэст, баруун хэсгийг дөрөвдүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулжээ. Улсын их сургуулийн гол хэсгийн барилгыг 1947 оны зургадугаар сарын 28-нд дуусгаж, долдугаар сарын 1-нд хүлээн авсан байна. Энэ барилга нь дөрвөн давхар, дээрээ цамхагтай, дугуй гол нь 36 метр, гаднаа олон баганатай, хойд болон зүүн захын барилгууд нь гурван давхар юм.

Бага тойруу дахь хөшөө дурсгалууд

Сүхбаатарын хөшөө: Д.Сүхбаатарын морьтой хөшөө нь монгол урчуудын хийсэн орчин цагийн анхны томоохон хөшөөнүүдийн нэг юм. Уг хөшөөг Х.Чойбалсангийн захиалгаар тухайн үед хэлмэгдэж шоронд сууж байгаад гарч ирсэн лам С.Чоймбол 1946 онд бүтээжээ.

Д.Нацагдоржийн хөшөө: Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөө долоон метр өндөр, есөн тонн жинтэй. 2013 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Бага тойруу руу нүүлгэж, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан.

Чингис хааны хөшөөт цогцолбор: Энэ хөшөө баримлын эх загварыг УГЗ Л.Болд зохиож, Монголын урчуудын эвлэлийн холбооны уран бүтээлчдийн хамт урласан байна. “Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолбор”-ын төв хэсэгт Их эзэн Чингис хааны, баруун хэсэгт Өгөөдэй хааны, зүүн хэсэгт Хубилай хааны хөшөөг тус тус байрлуулж, Монголын их хаадыг төлөөлсөн цогцолбор хөшөө болгон бүтээжээ. Энэ мэт хөшөө дурсгалууд Үндэсний номын сангийн өмнөх Бямбын Ринченгийн хөшөө, Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай дахь Юмжаагийн Цэдэнбалын хөшөө зэрэг дурсгалаар үргэлжилнэ.

Бага тойруу дотор Дэлхийн II дайны дараах “Энх цагийн бүтээн байгуулалт”-ын үед баригдсан сонгодог загварын 12 барилга байна. Эдгээр барилгыг нураалгүй хадгалан үлдэх, хотын төвийн неоклассик найруулгыг эвдэлгүй өвлүүлэн үлдээх нь чухал. Түүнчлэн Бага тойруугийн гудамжинд Богд хаант Монгол Улсын үед холбогдох түүхэн дурсгалт барилга дөрөв, Манжийн үед холбогдох түүх соёлын дурсгалт барилга, байгууламж гурав байгаа юм. Гэвч эдгээр барилгын талаар төрөөс баримтлах бодлого, засвар, хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөө өнөө хэр алга байна. Тухайлбал, Бага тойруу буюу улсынхаа нийслэлийн төв хэсгийн гудамжуудыг Бээжингийн гудамж, Сөүлийн гудамж, Анкарагийн гудамж гэх зэргээр нэрлэсэн ажээ. Аливаа улсын нийслэлийн төв гудамжуудыг бусад орны томоохон хотуудын нэрэмжит байдлаар нэрлэх нь хэр зохистой болохыг бодууштай. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын төв хэсэг, хот анх суурьшсан “Хүн чулууны хонхор” өдгөө Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болсон байгаа нь хачирхалтай. Энэ мэт манай хотын түүхэн ой санамж, түүхэн газрууд нэг нэгээрээ бүдгэрэн алсарч байгаа нь үнэн билээ. “Бага тойруу”-д түүх, соёл, архитектурын цогц бодлого, төлөвлөгөө үгүйлэгдэж байна.

                                                      

“Үндэсний шуудан” сонин М.Үүрийнтуяа