Соёлт хотын иргэд УУЧЛААРАЙ, БАЯРЛАЛАА гэж хэлдэг

2019-10-03 11:57:34

Ядуурал, ажилгүйдэл, түгжрэл, утаа гээд манай хотын “асуудал” их. Засаг төрөөс, хотын удирдлагаас эдгээрийг шийдэх гэж багаггүй хугацаа, хөрөнгө мөнгө зарж, гадна дотноос төсөл хэрэгжүүлж, туршлага судлаад ч тусыг эс олох юм.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, JCI, Canada, Дэлхийн зөн, Адра, Өвсний үндэс хөтөлбөр гэх мэт гадны донор байгууллагууд асар их хөрөнгө оруулалтыг жил, сар, улиралаар хэрэгжүүлдэг ч бас л асуудал шийдэгдсэнгүй... Ажилтай, орлоготой, сайн, муу янз бүрийн хөтөлбөр Засгийн газраас хэрэгжүүлээд ч “амжилт олохгүй” нь харамсалтай.

Бүх асуудлын зангилаа нь хүний ухамсарт байгаа гэдэг нь гарцаагүй. Хичнээн ганган хувцастай, үнэртэй ус сэнгэнэсэн сайхан залуу, охид хотын гудамжинд шүлс, хогоо хаяж, ил задгай шээж, хараалын үг хэлж, архидаж, тамхи татаж, зодолдож байх нь эмгэнэлтэй. Нийгмийг өөрчлөх боломж зөвхөн залуучуудад байгаа. Гэвч тэд тэр боломжоо ашиглаж чадахгүй байна.

Ажилд орохоор анкет бөглөж буй сэтгүүлч эмэгтэйн хүссэн цалин 800 мянган төгрөг... Ажилд хүсэгчийн бичсэн анкетийг ажил олгогч нь гаргахгүй. Гаргасан ч “бөөн алдаа”. Ийм хүнд эргээд бага ангийн зөв бичгийн дүрэм, Монгол хэлний хичээл заагаад, хариуд 800 мянган төгрөгийн цалин өгөх хэцүү санагдах. Залуучуудын бодит байдал ийм байна. Тэгэхээр тэднээс хотын соёл, зөв үлгэрлэл шаардаад ч нэмэргүй биз.

Хот тохижилтын ажилтантай наадмын үеэр Д.Сүхбаатарын талбайд тааралдаад мэнд мэдэнгээ жаал хуучлав. Тэр ах ярихдаа “Томчууд нь хүүхдүүдээсээ ч доор, соёлгүй шүү дээ манайхан чинь... Цэцэрлэгийн насны хүүхдүүд ундааны сав, чихрийн цаасаа хогийн саванд хийчихээд надад “баярлалаа” гэж хэлдэг. Хичнээн сайхан байдаг гээч. Гэтэл зажилсан бохио цаасанд боогоод хогийн саванд хийж чадахгүй залуус бяцхан дүү нараасаа ичээсэй. Хогоо дөхүүлж хаячихаад “Хөөе цэвэрлэгчээ энийг аваач, ажлаа хийгээч, бид нар хог тарихгүй бол, та нар өндөр цалин авахгүй ш дээ” гэж хэлдэг. Гол зураад л явчихна. Миний охин шиг, хүү шиг “залуучууд” игнэж хэлэхээр үнэхээр гомдолтой санагддаг. Ах нь хүү, охин хоёртой. Хог хаяж болохгүй, хүн шоолно, байгал ээж гомдоно. Аав ээжийг нь муу хэлнэ шүү гэж сургаж байсны эцэст тэд маань одоо хогоо хаядаггүй, манай хүү заримдаа “Ааваа би гудамжинд хийсэж байсан хогийг аваад халаасалчихсан” гээд өмдний арын халаас, гутлынхаа түрийнээс хог гаргаж үзүүлдэг. Түүнийгээ гэрийнхээ хогийн саванд хийдэг. “Талбайн хог ч яахав бид нар ноцолдоод шүүрдэж, угаагаад цэвэрлэчихдэг юм. Тархины хогийг л цэвэрлэдэг болчихвол...” гэв.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 1,4 сая хүн албан бусаар амьдарч, өдөр тутмын нийгмийн харилцаанд оролцож байна. Зарим нь шил толь болсон тансаг зэрэглэлийн орон сууцанд, зарим нь хогийн цэг дээр. Уул нүхлээд шахам амьдарч байгаа олон айл бий. Усны эхэн дээр бууж, үерт өртдөг хэсэг ч бий...

Тэд бүгд нэг хотод амьдарч байгаа учраас нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, автобусанд суухдаа жолоочид нь “Баярлалаа” гэж хэлээд, хэн нэгний хөл дээр гишгэсэн бол “Уучлаарай” гээд дадчих хэрэгтэй. Нэг нэгэндээ сайхан хандаж, буруу зүйлдээ уучлал гуйж, зөв үйлдэлд баярлаад сурчихвал их хотын иргэдийн тархины түгжрэл арилна. Ердөө амархан.

Өдөр тутам хийдэг үйлдэл бүрдээ “Баярлалаа” эсвэл “ Уучлаарай” гэж хэлээд сурчихъя. Дэлгүүрээс өндөг, талх, чихэр худалдаж авчихаад гарахаасаа өмнө худалдагчид хандаж “БАЯРЛАЛАА” гэх нь бусад үйлчлүүлэгчдэд ч, худалдагчид ч сэтгэл ханамжтай байдал үүсгэнэ. Явган хүний гарцаар гарахдаа, хүнээс юм гуйхдаа ч, хаалга тогшилгүй орохдоо ч “Уучлаарай” гээд бусдад хэлж чаддаг байх нь харилцааг зөөлрүүлдэг сайн талтай юм.

Уурлахгүй, стресстэж бухимдахгүй байх хамгийн энгийн санаа бол ердөө энэ хоёр үгийг хэлж сурах. Чихэвчээ эцэст нь тулгаад, автобусны сандал дээр унтаж байгаа оюутан залууд “Уучлаарай миний дүү өвөөдөө, ахдаа, эмээдээ, эгчдээ” суудлаа тавиад өгчих гээд аятайхан гуйвал тэр хүү ухас гээд босож л таараа. Түүнд хандаад “Баярлалаа” гэхээ мартах ёсгүй.

Автобусанд чанга орилж, утсаар ярих нь бусдын амгалан тайван байдал, тохитой үйлчилгээ авах эрхийг зөрчиж буй үйлдэл. Бас гэнэт тормослох, чих дөжиртөл сигналдах нь тийм ч таатай зүйл биш. Харин энэ үйлдлийнхээ төлөө автобусны жолооч хэзээ ч зорчигдоосоо уучлал гуйж байгаагүй. Байх ёстой хэвийн үзэгдэл мэтээр хандаж, олон жил болсон нь бухимдал нэмэгдэх нэг шалтгаан болсон гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй байх.

1,5 сая хүн амтай, өдрөөс өдөрт байшин барилга сүндэрлэн босож, брэндийн дэлгүүрүүд үүд хаалгаа нээдэг метрополитик хотод одоо дутагдаж байгаа зүйл бол ердөө “Иргэдийн соёл”. Иргэдийн соёл гэдэг бол их мөнгөн дүнтэй, ховор бараа биш. Ердөө л уучлаарай, эсвэл баярлалаа гэдэг хоёрхон үг. Бусдын хөдөлмөрийг хүндэтгэдэг хүмүүст уучлаарай гэдэг үг хамгийн үнэ цэнэтэй байдаг. Харин өөрийнхөө хөдөлмөрийг үнэлдэггүй хүмүүст огтхон ч хэрэггүй. Харин хүнээр уучлал гуйлгах дуртай байдаг.

Хогийг хогийн саванд хийж, угаасан шалыг хатсаны дараа гишгэх сэтгэлгээ хэрэгтэй. Иймийн тулд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, бусдын хөдөлмөр, сэтгэлийг үнэлдэг байх нь чухал. Цэцэрлэгийн хүүхдүүд хогийг хогийн саванд хийх ухаанд суралцсан байхад цэмцгэр хувцастай, сайхан “залуучууд тархиндаа хог хурааж” яваад үнэхээр их харамсаж байна.

Иймд их хотын иргэдийг өдөр тутмынхаа ажил, хаа байгаа газраа эсрэг хандлага түгээж буруу үйлдлийнхээ хариуд уучлал гуйж, бусдын зөв зүйл, үйлчилгээ бүрд БАЯРЛАЛАА гэж хэлдэг байхыг уриалж байна.

Хотын соёл гэж том зүйлийг төсөөлөх шаардлагагүй, иргэн хогоо хогийн саванд хийж, гудамжинд нус, шүлсээ хаядаггүй байхад , автобусанд чанга орлихгүй байх, бага насны хүүхдэд сандал тавьж өгдөг байхаас л эхэлнэ. Нэг нэгнээс илүү, хүнд хүчир зүйл шаардахгүй. Та зөвхөн өөрийнхөө чаддаг зүйлээр бусдадаа үлгэрлэдэг байхад л боллоо.

Нийгмийг цочроосон гэмт хэрэг, хүчирхийлэл гээд асуудлуудад ядаж гэгээтэй, зөөлөн сайхан үгсээр бие биедээ итгэл өгч, дэмжиж, хайр түгээж байх нь ХОТЫН СОЁЛ юм шүү. Би их хотын иргэн мөн учраас яг өнөөдрөөс Уучлаарай, Баярлалаа гэдэг үгсийг байнга хэлж, бусдад зөвөөр үлгэрлэж явах болно. Та ч бас чадна.

Ингэж хандлагаа өөрчилж чадвал таны ойр тойрон, хамт олон, найз нөхөд тань хүртэл гуравхан хоногийн дотор өөрсдийгөө өөрчилж чадна. Би хэзээ ч гудамжинд ил хог, шүлс хаядаггүй. Хамт яваа нөхдөдөө ч бас тэгэхгүй байхыг зөвлөдөг. Эхэндээ тэд маань төвөгшөөж, уурладаг байсан ч “ирээдүйд хүүхэд чинь бас ийм муу зуршилтай болно. Жаахан дүүгийн чинь, хүүхдүүдийн чинь амьдрах орчин бохир байна” гэж учрыг нь ойлгуулж ярьснаас хойш шүлсээ, хогоо ил задгай хаяхаа больсон. Миний дотны гурван найз яг ийм зарчмаар, миний нөлөөгөөр өөрсдийн муу зуршлаасаа салж чадсан. Тэд бас өөр найзууддаа ч ингэж нөлөөлдөг.

Яг үүн шиг өдөр тутамдаа энэ хоёр үгийг хэлж, хэвшил болгоцгооё. Миний дүү нар, найзууд минь ч бас өөрчлөгдөг. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асуу гэдэг үг бий. Болохгүй, чадахгүй өөрчлөгдөхгүй гэж бусдын гэрэл гэгээг халхавчилж суухаар болно, бүтнэ, чадна гэж бодоод та, өөрөө хотын соёлыг эхлүүл. Та чадна. Танд амжилт хүсье. Бүгдээрээ уурлаж, бухимдаж байхаар инээж, итгэл найдвар, сайн сайхан, эерэг сэтгэгдэл төрүүлсэн УУЧЛААРАЙ, БАЯРЛАЛАА гэдэг хоёр үгийг хэрэглэж хэвшицгээе.

 

Бичсэн:  ulsturch.mn З.Батхуяг