Сэргээх дурсамжгүй, гайхуулах гоёлгүй “нүцгэн” хот үлдэх вий

2019-10-03 11:43:31

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт урлаг соёлд хайртай иргэд болон соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдээ гонсойлгосон мэдэгдэл хийлээ. Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн босгон дээр хийсэн тэрхүү мэдэгдэлд “Төв номын сан, Драмын театр, Дуурийн театрын барилгыг буулгана. 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь шийдээд өгчихсөн. Оронд нь яг одоогийнх шиг нь дүр төрхтэй, тэр байдлаар нь сайжруулж томсгоод барина. Үндэсний номын сан гэхэд Б.Ренчин гуайн хөшөөтэй яг энэ дизайнаар нь шинэчлээд барина. Дуурийн театр ч мөн адил” хэмээн хэлсэн нь Гүйцэтгэх засаглалын тэргүүний амнаас гарсан гэхэд итгэмгүй хариуцлагагүй мэдэгдэл байлаа. 

Ерөнхий сайдын энэхүү үг үйлдэл болоод хэрэгжвэл Монгол Улс 1990 онд нэгдэн орсон Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенцийг зөрчиж, дэлхийн улс орнуудын өмнө өгсөн амлалтаасаа буцсан ичгүүрт үйлдэл болно. Мөн ЮНЕСКО-гоос баталсан “Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах Венецийн Харти”, “ICOMOS-ийн дүрэм-Архитектурын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах болон дүн шинжилгээ хийх зарчим”-аас ухарсан хэрэг болох юм. Венецийн Хартид, Дэлхийн хэмжээнд хөшөө дурсгал ба түүхэн барилгуудын хэрхэн авч үлдэх тухай ерөнхий зааварчилгаа өгсөн байдгийг манай улс ч мөрдлөг болгодог. Хартид түүхэн болон дурсгалт барилгын эх байдлыг хадгалж авч үлдэхийг зорих хэрэгтэй гэсэн гол жанжин шугам бий.

”Түүхэн болон дурсгалт барилгуудыг авч үлдэх нь тодорхой ач холбогдолтой. Энэ нь тухайн цаг үеийн барилгын технологи, материал, тэнд хэрэглэсэн ур хийцийг судалж мэдэхэд хойч үеийнхэнд тустай. Нөгөөтэйгүүр хүмүүс амьдралынхаа турш өөр өөрийн дурсамжийг бүтээсээр байдаг. Хотод төрж, өссөн унаган иргэдийн хувьд тэрхүү дурсамжит газрууд нь тухайн үеийн соёл урлаг, уран сайхны байгууламжууд нь болдгоороо үнэ цэнэтэй. Судар бичгийн хүрээлэн байхаас нь эхлээд өнөөдрийн Үндэсний номын сан болох хүртэл соён гэгээрлийн замнал нь гурван давхар энэ ганган цагаан байшинтай холбогдох түүхийг сэтгэл догдлон ярих сэхээтнийг Улаанбаатар хотоос олох нь тийм хэцүү биш ээ. Хотын түүхэн барилга байгууламжийн үнэ цэнэ үүнд оршдог.

Мөн Дуурь, Драмын театрт урлагийн тоглолт үзэж, урлагт хандах хандлага соёлын чиг баримжаагаа олсон, мөн урлагийн гэр бүлд өссөн хүмүүсийн хүүхэд нас энэ нүнжиг шингэсэн хээнцэр барилгуудтай нягт холбоотой нь ойлгомжтой билээ. Ингэж хүний оюун бодолд дурсамжийн комплекс үүсдэг байна. Амьдралынх нь нэгэн цаг үеийн дурсамж амилдаг нандин газрууд үгүй болбол дурсамжид аюул учирлаа гэж үздэг. 

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа долоодугаар сарын 1-нд сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн эмх замбараагүй үйлдэл болсон. Эсэргүүцэгчид МАН-ын цагаан байрыг галдан шатааж, тэнд үйл ажиллагаа явуулж байсан албан байгууллагуудын өрөө тасалгааг эвдэн сүйтгээд зогсохгүй ойр орчмын барилга байгууламжуудад ч халдсан билээ. МАН-ын төв байртай зэрэгцэн орших Улсын филармонийн байранд нэвтэрч, устгал сүйтгэл хийсэн балмад үйлдлийг тод санаж байна. Тухайн үед Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун гуай тэргүүтэн ажил мэргэжилдээ сэтгэлээ өгсөн уран бүтээлчид харамсан халаглахдаа нулимсаа унаган ярьж байсныг 11 жилийн тэртээ иргэд цэнхэр дэлгэцээрээ үзэж байв. Энэ бол соёл урлагийн байгууламж, хүний дурсамжинд ноцтой аюул учруулсан жишээ юм.

Архитектурын дурсгалын үнэ цэнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт гэж бий. Үүнд, анхдагч байдлын үнэ цэнэ, хот төлөвлөлтийн үнэ цэнэ, архитектур төлөвлөлтийн үнэ цэнэ, бүрэн бүтэн байдал түүхэн цаг хугацааны үнэ цэнэ, соёлын дахин давтагдашгүй, урлаг уран сайхны, үндэсний үнэт зүйлсийн илэрхийллийн үнэ цэнэ, олон түмний хүлээн зөвшөөрөлт ба хүндэтгэлийн үнэ цэнийг нэгтгэн уг байгууламжийн давтагдашгүй чанарыг тодорхойлдог байна. 

380 жилийн түүхтэй Улаанбаатар хотод түүх өгүүлэн үлдсэн хуучны ур хийц, дурсамж шингэсэн барилга байгууламж олон биш. ХХ зууны Монгол Улсын түүхэнд 1940-1980-аад оныг бүтээн байгуулалтын он жилүүд хэмээн тэмдэглэсэн. Энэхүү бүтээн байгуулалтын он жилүүдэд боловсрол, соёл урлагийн салбарын өнөөдөр ад үзэгдэх болсон барилгууд сүндэрлэсэн билээ. Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний номын сан тэргүүт Д.Сүхбаатар талбайг хүрээлэн баригдсан эдгээр барилга нь уран барилгын түүхэн дэх сэргэн мандалтын үеийн төлөөлөл болох барилгууд. Энэ бол архитектурын нэг урсгал. Газар хөдлөлтөд өртөх, галд шатах зэргээр устаагүй цагт дурсгалт барилгуудыг унаган төрхөөр нь хадгалж үлдээх ёстой хэмээн Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахаар ажиллаж буй сэргээн засварлагч Г.Нямцогт нотолсныг энд онцлон дурдъя. 

Улсын драмын эрдмийн театр буюу хуучнаар Залуучуудын ордныг Монгол Улсын ууган архитектор Б.Чимэд үндэсний уран барилгын түүхийг судалж зураг төслийг гаргажээ. 2200 хүний суудалтай гурван том танхим бүхий барилгын зураг төслийг 1952-1954 онд боловсруулж, Хотын барилга трест барьж 1960 онд ашиглалтад оруулжээ. Монголын залуучуудын цуглуулсан 5 сая гаруй төгрөг буюу тухайн үедээ харьцангуй хямд өртгөөр барих болсон тул уг барилгад үндэсний хэв маяг, хийц бүтээцийг ашигласан.

Энэ нь ч хамгийн оновчтой шийдэл болсон бөгөөд Монголын өв уламжлал, үндэсний архитектурын хөгжлийн түүхийг харуулсан неоклассизмын төлөөлөл, сонгодог барилга болсон гэж гадаад, дотоод мэргэжлийн байгууллагуудад үнэлэгджээ. Театрын гадна, дотор талыг үндэсний хээ угалз, хийц хэсэглэлээр чимэглэсэн, гол хаалгыг морин толгой бүхий бэлгэдлийн найман баганаар тулсан нь тухайн үеийн шилдэг уран бүтээлчид оролцсон урлагийн бүтээл болж чаджээ. Ийм ч учраас Монголын архитекторуудыг эвлэл 2010 онд уг барилгыг Азийн архитекторын өвөөр бүртгүүлж, “ArcAsia Heritage” хэмээх хоёр боть номд хэвлүүлэн баталгаажуулсныг дурсгалт барилгууд цаазын тавцанд ирээд буй энэ цаг үед дахин сануулмаар байна. 

УДЭТ-ын Ерөнхий зураач Т.Ганхуяг: Театрын барилгыг буулгаж, шинээр барихыг бид зөвшөөрч байна. Энэ асуудал 15-16 жилийн өмнөөс яригдсан. Ер нь манай театрт үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Дээрээсээ дулаан алддаг, бид нар төр засаг тогтворгүй байгаа энэ үед Байгалийн түүхийн музей шиг 5-6 жил зогсох бол хэрэггүй гээд өдий хүртэл явлаа. 2-3 жилийн өмнө Улаанбаатар хотод 2 баллын газар хөдлөлт болоход манай театрын хонгилд өлгөсөн зургууд хазайсан байсан. Тухайн үед нь бид МХЕГ-аар барилгын чанарт эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Шинжилгээгээр 4 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс бид хуучин барилга буулгаж, шинэ барилга бариулъя. Гэхдээ театрын гаднах үзэмжийг Б.Чимэд гуайн архитектороор бариулж, дотоод зохион байгуулалтаа орчин үеийн театрын стандартаар бариулъя гэсэн байр суурьтай байгаа хэмээв.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын зураг төслийг Орост амьдарч байсан герман архитектор Герхард Козель боловсруулж, 1949 онд ашиглалтанд орсон ба барилгын дотор чимэглэлийн ажлыг 1950 онд мөн архитектор Б.Чимэдээр ахлуулсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Д.Чойдог, Төрийн шагналт зураач Д.Маньбадар, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч С.Чоймбол тэргүүтэй Монголын алдартай урчууд гүйцэтгэжээ. Үндэсний номын сангийн барилгын зураг төслийг Оросын архитектор Мотоц, Н.Николаев нар боловсруулж, 1946 онд барьсан. Архитектурын дотоод орон зайн төлөвлөлтийн хувьд өвөрмөц шийдэлтэй барилга.

“УДЭТ, ДБЭТ, Үндэсний номын сангийн барилгууд нь Монголын архитектурын хосгүй үнэт дурсгал бөгөөд архитектурын түүхийн хөгжлийг харуулсан классизмын төлөөлөл, сонгодог барилга юм. Тиймээс Монгол “Соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенци”-д нэгдэн орсон гишүүн орны хувьд ЮНЕСКО-гоос баталсан “Хөшөө дурсгал, дурсгалт газрын хадгалж хамгаалах, сэргээн засварлах Венецийн Харти”, “ICOMOS-ийн дүрэм-Архитектурын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах болон дүн шинжилгээ хийх зарчим”-ыг мөрдөх ёстой хэмээн Монгол Улсын зөвлөх архитектор З.Оюунбилэг тодотгосон юм.

Архитекторын салбар шинжлэх ухаанд томьёолсноор дээрх гурван барилгад архитектурын дурсгал гэдгийг баримтжуулах бүх нэгдлүүд нь багтаж, дахин давтагдашгүй байдал, тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл, эдийн засаг болон улс төрийн амьдрал, хийц бүтээц, техник технологи, ур чадвар, урлан бүтээх мэдлэг зэргийн баримт болж үлдсэн тул 2014-2015 оны түүх, соёлын үл хөдлөх дурсгалын Улсын тооллогоор Улаанбаатар хотоос Улсын хамгаалалтад оруулж, дурсгалт барилга болгох саналыг оруулж байсан ч өнөөг хүртэл шийдэгдэлгүй иржээ. 

Тухайн үеийн хот төлөвлөлтөөр улсын нийслэлийн төв талбайг тойруулан хараа бараанд нь барьсан энэхүү дурсгалт барилгууд нь Улаанбаатар хотыг Азийн цагаан дагина хэмээн алдаршуулж, иргэдийн их хотоороо бахархах бахархал, санах дурсамжийг мөнхөлсөөр байна. Хуучин хотын түүхийг өгүүлэн үлдсэн урлаг, соён гэгээрлийн байгууллагуудаа унаган төрхөөр нь авч үлдэх үү, алдах уу? гэдэг цаг хугацааны тохуурхлын өмнө хотын иргэд тулж иржээ. 

Энэ эгзэгтэй үед олон жил болсон дурсгалт барилгуудаа нураалгүй сэргээн засварлах боломжтой эсэхийг туршлагатай сэргээн засварлагч Г.Нямцогтоос тодруулахад, Галд шатаагүй, газар хөдлөлтөд өртөөгүй, дайны хөлд үрэгдэж нураагүй л бол ямар ч барилгыг сэргээн засварлаж болно. Сэргээн засварлах ажил бол өвчтөнийг оношлоод, эмчилдэг эмчийн ажилтай зарчмын хувьд адилхан. Сэргээн засварлах технологи, материал улам бүр боловсронгуй болж байна” хэмээн хариулсан нь сэтгэлд гэгээ татуулах ч төр засгаас гаргаж буй харалган шийдвэрүүд жихүүдэс төрүүлнэ. 

Монголчууд Манжийн эрхшээлээс гарсан 1911 онд Их хүрээг олноо өргөгдсөн Монгол Улсын нийслэл хэмээн зарласан билээ. Улмаар улсын анхдугаар их хурлаар 1924 оны аравдугаар сарын 29-нд БНМАУ-ын нийслэлийг хуульчлан тогтоож, Улаанбаатар хот хэмээн нэрлэх шийдвэр гарсан түүхтэй. Үүнээс хойш Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил эхэлж, 1940-1980-аад онд хот байгуулах үйл явц эрчимтэй өрнөсөн. Улсынхаа нийслэлийн бүтээн байгуулалтын ид үед ажиллаж байсан ахмадууд, тэдний үр хүүхдүүд, урлаг соёлын байгууллагынхны дурсамжид аюул учраад байна. Хотын уугуул иргэд хаана явна вэ. Сэргээх дурсамжгүй, гайхуулах гоёлгүй “нүцгэн” хот үлдэх аюул нүүрлэсэн энэ цагт хотын өнгө төрхийг илтгэсэн түүхэн барилгуудаа авч үлдэхийн тулд иргэд үгээ хэлэх цаг болжээ. 

 

Бичсэн:  gogo.mn сэтгүүлч Э.Энхмаа