Улаанбаатар метро төслийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжлээ

2013-06-11 00:00:00
Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17,7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Улаанбаатар метро өртөөг тэмдэгжүүлэх ёслолын ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Метро бол манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой, чухал хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын ажил болно. Бид метротой болж чадвал орчин үеийн хот болон хөгжиж байгаагийн нэг том илэрхийлэл болох юм. Орчин үеийн хот болж чадвал бид Олимп зохион байгуулах тухай ярьж чадна” гэж онцоллоо.
Улаанбаатар метро төслийг 2013 оны 3 дугаар сард болсон  НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд энэхүү төслийг  НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд өргөн бариад байсан юм.
Харин Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, төслийг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх тухай зөвлөмж гаргажээ. Энэхүү зөвлөмжийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав танилцууллаа.
Толгойтоос Амгалан хүртэл 20-30 минутад зорчих Улаанбаатар метро нийтдээ 14 өртөөтэй байх бөгөөд өртөө хоорондын зай нь 800-1500 метр байхаар тооцсон юм. Өнөөдөр  СХД-ийн 29-р хороо, “Драгон” авто вокзалын баруун талд Улаанбаатар метроны нэг өртөөг байгуулахаар тэмдэгжүүлж байгаа бол Улаанбаатар метроны эцсийн буудлыг Баянзүрх дүүргийн 10-р хороо Амгалангийн эцсийн буудлаас зүүн тийш төмөр замын гарам өнгөрөөд байгуулахаар  тооцож ийнхүү тэмдэгжүүллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.