Э.Бат-Үүл: Аюулгүй, амгалан, агаар нь цэвэр, амины сууцтай хот болгоно

2013-06-08 00:00:00
Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх оновчтой бодлого нь газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн хангамжтай орон сууцны хороолол болгон хөгжүүлэх явдал юм. 

Энэ ажлын нэг хэсэг болгож, хотын гэр хорооллыг гурван бүсэд хуваан бүс бүрт тохирсон төлөвлөлтийг хийж байна. Үүнд: 

1. Хотын төвийн хэсгийн инженерийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах бүс 
2. Дулаан хангамжийг хэсэгчилсэн болон бие  даасан эх үүсвэрээр шийдвэрлэн, цахилгаан болон цэвэр усаар хангагдах амины сууцны тохилог хороолол болгон хөгжүүлэх бүс 
3. Нүүлгэн шилжүүлэх хэсэг буюу үерийн ам, далан суваг, голын сав, намгархаг газар, өндөр хүчдэлийн болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжоор хомс уулын хажуу болон оройгоор суурьшсан, нефть, нефтийн бүтээгдэхүүн хадгалах, түгээх цэг орчмын бүс, хогийн цэг, оршуулгын газрын хил хязгаар дотор болон хамгаалалтын зурваст байрласан айл өрх бүхий хүн ам суурьшихыг хориглосон бүс болно. 

Дээрх бүсчлэлээр орон сууцны хороолол болоод амины сууцны тохилог хороолол болгон хөгжүүлэх 1 ба 2 дугаар бүсэд буй гэр хорооллын газарт орон сууцны 7, 14, Зүүн Сэлбэ, Монголын үндэсний радио, Телевиз, Дэнжийн 1000, Гандан, VII бичил хороолол, Өнөр хороолол, Ханын материал, Цэргийн хотхон, Яармаг, Дарь-Эх, Мамбадацан, Алтан- Өлгий, Шархад зэрэг газруудад хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Өнөөдөр төлөвлөлт хийгдсэн газрын үнэ өсдөг болж, иргэд өмчлөл, эзэмшлийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж байна. 

Газар өмчлөгч, эзэмшигчид хот төлөвлөлтөд сайн дураар оролцож, орчин нөхцлөө сайжруулах хүчин чармайлт гаргаж байна. Нөгөө талаас гэр хорооллыг хөгжүүлэхэд хувийн хэвшил, гадаад орон, олон улсын банк санхүүгийн байгууллага хөрөнгө оруулалт хийж, өмчлөл, эзэмшлийн газрыг орон сууцаар солих, эсвэл худалдах, худалдан авах замаар газрыг шинэчлэн зохион байгуулах, барилгажуулах ажил зах зээлийн шугамаар явагдаж эхэлж байна. 

Тэгэхээр энэ эрэлт, нийлүүлэлтийг төрөөс дэмжиж тэргүүн ээлжинд Хотын ерөнхий төлөвлөгөөний авто зам болоод инженерийн хангамжийн эх үүсвэр, гол шугам сүлжээг барьж байгуулах нь шаардлагатай байна.