Д.Энхсайхан: Энэ сарын 15-наас айл бүрт хогны уут тараана

2013-06-05 00:00:00
-Нийслэлчүүд хогоо ил задгай бус хогны тусгайлсан уутанд хийж хаядаг болно гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн захирамжаар хогны шинэ менежмент хэрэг­жүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь нийслэлчүүд хогоо ил задгай хаядгаас хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигддөг байсан. Тиймээс өөрсдийнхөө эрүүл мэнд болоод ТҮК-ийн ажилчдын ажлыг хөнгөвчлөхийн тулд нийслэлийн өрх бүрт сар болгон 15 ширхэг хогны уут өгч байхаар болсон.  Энэ уутанд аж ахуйн нэгж,  айлууд хогоо хийн хогийн цэгт хаянгуут ТҮК-ийн хогны машин ирээд авчихна. Иргэдэд ямар ч түвэг чирэгдэл болохгүй. Ийм шинэ менежмент  хэрэгжүүлснээр гэр хорооллын жалганд, орон сууцны зам дагуу хөглөрдөг үүсмэл хог үүсгэхгүй байх зорилготой.

-Хогны уутыг хаанаас оруулж ирж байгаа вэ. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Үндэсний үйлдвэрийнх гэхэд болно. Нэг үеэ бодвол монголчууд юм хийдэг болж. Заавал гадаадаас өн­дөр өртөгтэй юм авч байхаар хажууханд хямдаар үйлд­вэрлэж буй үндэсний үйлд­вэрлэгчдээ дэмжих ёстой шүү дээ. Гадаадынхны хогны уут ямар стандарттай байдаг, тэр л шаардлагыг баримтлан манайд нийлүүлэх юм. Энэ сарын 15 гэхэд хоёр сая уут бэлэн болонгуут айл өрх бүрт тарааж эхэлнэ.

-Айлууд хогны уутаа хэдэн төгрөгөөр авах вэ?
-Нэг ширхэг уут 70-80 төгрөгийн өртөгтэйгөөр гарч байгаа. Гэхдээ хогны уутыг үнэгүй тараана. Учир нь, айлуудын сар бүр төлөх цахилгааны төлбөртэй цуг авдаг хогны мөнгө уут болж байна гэсэн үг. Тэгэхээр нэмж мөнгө авах шаардлагагүй. Хог тээвэрлэх зардлыг нь хотоос татаасаар шийдэж өгсөн.
 
-Нийслэл 187 мянган өрх­тэй гэхээр нийтдээ хогны уут үйлдвэрлэхэд хэдэн төг­рөг зарцуулж байна гэсэн үг вэ. Айлуудад яаж тараах вэ?
-Хот жилдээ есөн тэрбум гаруй төгрөг хогны уутанд зарцуулна. Энэ уут маань дэл­хийн жишгийн дагуу үйлд­вэрлэгдэн айлуудад очно. Харин 187 мянган өрхдөө яаж хүргэх вэ гэхээр 152 хороо бүрээс айлуудынх нь нийт тоог авчихсан учраас хэсгийн ахлагч нар тэдгээр өрхдөө сар бүрийн эхэнд хогны уутаа тарааж байх юм.

-Дэлхийн метрополис хо­туудын жишгээр хо­гоо ангилан ялгаж боловс­руулдаг байя гэж ярьж байгаа. Энэ хүрээнд ч эхний ээлжинд гудамж талбайд хогоо ангилан ялгаж хаях зориулалттай хогны сав байршууллаа?
-Нийслэлд өдөрт л 3000 тн хог гардаг. Жил бүр л хогны хэмжээ нэмэгдэж байна. Яах аргагүй хогоо ангилан ялгаж дахин боловсруулах шаардлагатай. Гэхдээ одоо­гоор гэр хорооллынхны үнсээ хаядаг үе эхлээгүй учраас бүх хогоо хийхээр бодож хар уут тараана. Харин үнсний үе эхлэхээр арай зузаан материалтай хогны уут байхаар бодолцож байгаа. Гэхдээ эхний ээлжинд бид хогоо зориулалтын уутанд хийн хаяж хэвших ёстой. Үүний дараа шил, лааз, цаас, хуванцар гээд дахин боловсруулах бо­ломжтой хогийг цэнхэр, шар, хар өнгийн уутанд ангилан хаяулдаг болно. Тэр хооронд хог боловсруулах үйлдвэр ч ашиглалтад орчих байх. Одоохондоо иргэдэд хогоо ангилан ялга гэж дарамт үүсгээд яахав.

-Нэг үеэ бодвол иргэд хогоо хогийн цэгтээ хаядаг болсон. Гэтэл хог түүдэг хүмүүс хогийг нь талаар нэг тараагаад хаячихдаг. ТҮК-ийн хогны машинууд цаг тухайд нь ирж аваад байх болов уу?
-Тэрийг тооцоогүй биш тооцсон. Гэхдээ хэдий болтол тэр ингэчих болов уу гэж айж хогтойгоо байх вэ дээ. Анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа бо­лохоор саад бэрхшээл, алдаа оноо гарах л байх. Ямар ч гэсэн хийгээд үзье. СӨХ, аж ахуйн нэгж хогоо ухуу­лахгүй тал дээр л арга хэмжээ авах ёстой. Манайхаас цаг, графикийнхаа дагуу хогоо ачихыг шаардана.

-Тэгэхээр хог боловсруу­лах үйлдвэр хэзээ ашиг­лалтад орох вэ?
-Цагаан даваа дахь хог боловсруулах үйлдвэр энэ ондоо ашиглалтад орно. Энэ үйлдвэр дахин боловсруулах боломжтой хогийг ангилан ялгаж боловсруулан бүтээг­дэхүүн гаргах зорилготой. Түүнчлэн Нарангийн энгэр дэх хог боловсруулах үйлдвэр гял­гар уут боловсруулан  ха­шаа, хашлага хийж байна. Ямартай ч, Цагаан давааны хог боловсруулах үйлдвэр нийслэлийн хогны 20-30 ху­вийг боловсруулах хүчин чадалтай байх юм.