Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-06-12 08:00:32

2019 оны 06 сарын 12-ны өдөр                                              Дугаар А/571                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

 хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын драмын эрдмийн театрын зүүн хойд талд нийтийн эдэлбэрийн Ю.Цэдэнбалын нэрэмжит хөшөө байрлах 4000 м² газрыг эзэмшүүлэхдээ захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, түүнчлэн газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

     3.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын драмын эрдмийн театрын зүүн хойд талд Ю.Цэдэнбалын нэрэмжит хөшөө байрлах 4000 м² газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, нийтийн эдэлбэрийн талбайг тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, Сүхбаатар дүүргийн Засаг дарга /Х.Болормаа/-д тус тус үүрэг болгосугай.

 

    4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн хавсралтын “21” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 


 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН