Хотын асуудлыг хотын татвараар шийдье

2017-01-11 09:04:47

Өнгөрөгч даваа гаригт Нийслэлийн Засаг дарга Су.Батболд ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл шилжилт хөдөлгөөнийг  зогсоох шийдвэр гарсан бөгөөд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том асуудал үүсээд байгаа тул ийн арга хэмжээ аваас өөр аргагүй байгааг учирлав. Энэ шийдвэр хэрэгжсэнээр Улаанбаатарын утаа 20 хувиар буурах тооцоо гарчээ.

Монголын хүн амын тэн хагас нь Улаанбаатарт амьдарч байна. Улаанбаатарын иргэдийн 70 хувь нь гэр хороололд амьдардаг.   Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт  170 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд энэ нь 170 мянган утаа “үйлдвэрлэгч”, хөрс бохирдуулагч нийслэлд байна гэсэн үг.

Хүрээлэн байгаа орчны бохирдолт дэлхийн хамгийн том асуудал болоод байгаа. Энэ асуудал Монголын нийслэлийг тойрч гарсангүй. Нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдэж байсан Улаанбаатар өнөөдөр Утаанбаатар нэртэй болоод удаж байгаа бөгөөд бас дэлхийн хамгийн том “жорлон” болоход ойрхон болжээ.

Хөрсний бохирдол, цэвэрлэх байгууламжийн үнэр, утаа, ус гээд Улаанбаатарт шийдвэрлэх асуудал олон. Нийслэлийн үе, үеийн Засаг дарга нарын толгойны өвчин, нийслэлийнхний эрүүл аюулгүй амьдрах орчин заналхийлж байгаа энэ асуудлаас яаж гарах вэ?

Тэгвэл хотынхноос хотын татвар авъя. Аль улсын нийслэл хотод амьдарч байгаа иргэд хотын татвар төлдөг нь байдаг л асуудал

Нийслэлд шилжин ирэгсдийн хөдөлгөөний хязгаарлах нь нэгдүгээр шийдвэр. Харин хоёрдугаар шийдвэр нь юу байх вэ. Тэгвэл хотынхноос хотын татвар авъя. Аль улсын нийслэл хотод амьдарч байгаа иргэд хотын татвар төлдөг нь байдаг л асуудал. Харин Монголын нийслэлд амьдарч байгаа  сая гаруй иргэд хотын татвар төлдөггүй. Гэтэл хотод нь шийдэх ёстой асуудал үй түмээрээ байна.

Хэрэвзээ хотын утаа, ус, хөрсний бохирдол, цэвэрлэх байгууламж зэрэг нийслэлчүүдийн эрүүл мэнд, амьд явах эрхэнд халдан нэн том, нэн чухал асуудлуудаа  шийдье гэвэл эдийн засгийн аргаар эрх зүйн орчинг нь бүрдүүлэх ёстой.

Улаанбаатарын агаарыг бохирдуулж байгаа гэр хорооллын яндан бүрээс татвар авах нь, орон сууцанд амьдарч байгаа иргэдээс цэвэрлэх байгууламжаа засч, янзлах татаас нэхэх нь эдийн засагт ч,  нийслэлийн экологид ч хэрэгтэй. Энэ асуудлыг өнөөдөр л шийдэхгүй бол маргааш утааны дараа Улаанбаатарчуудыг шаналгах том сэдэв хөрсний бохирдол байх болно гэж мөрийцсөн ч болно.

Агаарын бохирдлоороо дэлхийд аман хүзүүдэж байгаа Улаанбаатар утааныхаа асуудлыг шийдээгүй шахам байхад дараагийн том аюул нийслэлчүүдийн хаалгыг хэдийнэ тогшоод эхэлжээ.  Утаа бол нүдэнд харагдаж байгаа том аюул мөн үү мөн. Бидний амьсгалах эрхтэнд шуудаар нөлөөлж буй амьд явах эрхэнд заналхийлж байгаа асуудал мөн үү мөн. Тэгвэл  нүдэнд харагдахгүй ч үхлийн харанга дэлдэж байгаа, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх бас нэг асуудал Улаанбаатарын хөрсний бохидол, цэвэрлэх байгууламжийн асуудал болчихоод байна.

Өнөөдрөөс гурван жилийн өмнө дэлхийн хамгийн том шорон бол Монгол хэмээн Блүүмбергийн сурвалжлагч Michael Kohn, Yuriy Humber нар бичсэн нь тухайн үедээ багагүй дуулиан тарьж байв. Тэд “Монгол орныг гадаадынхан их элсэн цөл, тал нутаг, ашигт малтмалын арвин их нөөцөөр нь мэддэг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд зарим нэг гадаадынхан Монголыг арай өөрөөр мэддэг болж байна. Тодруулбал, дэлхийн хамгийн том шорон. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг “түлхэх” болсон тус улсын хувьд одоогоор гурван ч улсын үндэстэн дамнасан корпорацитай хууль, шүүхийн асуудалтай байгаа” талаар нийтэлж байсан юм.

Тэгэхээр одоо утаа гаргаж, хөрс бохирдуулж, Туул гол руу бохироо нийлүүлж байгаа хотын иргэн бүрээс, өрх бүрээс татвар авах нь эдийн засгийн хамгийн том шийдэл болно. Ингэж  байж л нийслэлээ "аварч" чадна.

Эдийн засгийн шийдэлгүйгээр Улаанбаатар хотын асуудал ар араасаа ундарсаар байх юм. Өвөл нь утаа, зун нь цэвэрлэх байгууламж, дараа нь хөрсний бохирдол.  Монголын нийслэлийн аюулгүй амьдрах орчин өдрөөс өдөрт алдагдсаар байна. Тэгэхээр  хотын иргэн байя гэвэл татвараа төл. Үгүй бол хөдөөнөө амьдар. Энэ бол аль ч улсын нийслэлийн иргэнд тавигддаг шаардлага. Энэ бол иргэдэд өгч байгаа сонголт. Иймээс хотын асуудлыг шийдье гэвэл хот татвартай байх ёстой.

Үгүй бол Монголын сая гаруй иргэд бүгдээрээ бохироо ундныхаа ус руу юүлээд, бохирдлоороо амьсгалаад амьдрах уу. Би лав хотын иргэний хувьд хотын татвар төлөхөд бэлэн байна. Харин та?

Ж.ЭРХЭС