Замын хуучин зургаар тендер зарлаж, гэрээ байгуулсан албан тушаалтнуудыг шалгуулахаар боллоо

2012-09-07 00:00:00

          Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Пүрэв гаригт болж хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын авто зам засварын ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулав. Энэ онд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод 17, улсын төсвийн хөрөнгөөр 5, төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх зам, замын байгууламжтийн 18 төсөл хэрэгжүүлэх ажээ. Үүнээс гадна он дамжин хэрэгжүүлж байгаа 2, гэрээ байгуулаагүй 12 төсөл, арга хэмжээ байгааг Н.Гантөмөр дарга онцоллоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга энэ онд шинээр барьж байгаа замуудын хэд нь ус зайлуулах системтэйгээр баригдаж байгааг тодруулан асууж байв. Нийслэлийн Авто замын газрын дарга Нанзаддоржийн хэлснээс үзвэл энэ онд барьж байгаа бүх замд үерийн ус зайлуулах хоолой барьж байгаа юм байна. Геологийн төв лабораториос хойш тавьж байгаа замын зургийг үерийн ус зайлуулах хоолойгүйгээр барихаар гаргасан байсныг өөрчилж, ус зайлуулах хоолой барихаар болсныг нийслэлийн Авто замын газрын дарга мэдээллээ. Замын трасст иргэн, аж ахуйн нэгжүүдийн барилга, хашаа, зарим обьект орсон учраас газар чөлөөлөх тал дээр томоохон хүндрэл гарч байгааг холбогдох албаны хүмүүс хэлсэн. Тухайлбал, Зайсангийн гудамж, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын трасст “Жигүүр гранд” компанийн хашаа орсон учраас замын ажилд хүндрэл учирчээ. Үүнээс гадна олон жилийн өмнөх хуучин зургаар замын ажлын тендер зарласан цөөнгүй тохиолдол гарсан байна. Зайсангийн гудамж, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км замын ажлыг 2007 онд хийсэн зургаар тендер зарласнаас маш олон хүндрэл дагуулсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн эдгээр тендерийг захиалагчийн хувиар байгуулсан юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “2007 оны зургаар тендер зарлаж, гэрээ байгуулсан албан тушаалтнуудыг захиалагчийнх нь хувьд Эрүүгийн цагдаагийн газарт нэхэмжлэл гаргах боломжтой. Энэ бол гэмт хэргийн шинтэй үйлдэл учраас хуулийн байгууллагад хандах ёстой. Ийм хариуцлагагүй үйлдэлтэй эвлэрэхгүй” гэв. Хуучин зургаар тендер зарлаж, гэрээ байгуулсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаар шалгуулах үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт өглөө. Газар чөлөөлж өгөхгүй байгаа ”Жигүүр гранд” компанийг ч шүүхэд өгөхөөр болов. Тендер авсан замын компаниудын удирдлагуудад ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгах, гэрээ байгуулахдаа эрх, үүргээ нарийвчлан тодорхойлж байхыг анхаарууллаа. Асуудал гарсан тохиолдолд хэдийд ч шууд хандаж болно гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэллээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас зам засварын ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргахыг дэмжлээ