Залуу гэр бүлд “Түрээслээд өмчлөх” хэлбэрээр байртай болох боломж нээгдлээ

2019-06-06 10:55:08

Дөнгөж гэрлэж, хамтын амьдралаа эхлүүлж байгаа залуу гэр бүлд орон байрын асуудал эн тэргүүний асуудал. Тэгвэл дөнгөж гэрлэсэн, гэрлэхээр зэхэж байгаа залуу хосуудад өргөө гэрээ барих шинэ боломжийг Бармон ХХК-ийн барьж байгаа дахин төлөвлөлтийн төсөл олгож байна.

УИХ-аар “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн хүрээнд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт төвлөрсөн шугам сүлжээнд холбох боломжтой, хотын барилгажсан хэсэгтэй хил залгаа орших төвийн бүсийг дахин төлөвлөн барилгажуулан, өндөр давхрын орон сууцны хороолол, үйлчилгээний барилга байгууламж барьж байгуулна гэж тусгасан.

Тус ажлын хүрээнд 2014 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны дэд бүтцийн газраас зарласан сонгон шалгаруулалтад Бармон ХХК шалгарч, 39,7 га газарт 581 нэгж талбарт 234 айлын 2 блок орон сууцны барилга барихаар ажиллаж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар эхний ээлжийн 234 айлын барилга угсралтын ажил дууссан, 7 сард ашиглалтад орох юм. Дараагийн ээлжийн барилга хоёр давхар хүртлээ угсралт хийгдээд байна.

“Бармон” ХХК-ийн захирал Ш.Үнэнбат “Манай компаниас иргэдэд “Түрээслээд өмчлөх”-ийг санал болгож байгаа нь бусад компаниудаас онцлог юм. Энэ нь 40-өөс 60 кв метр талбай бүхий 2-4 өрөө орон сууцыг квадратаас нь хамаараад сар бүр 1 саяас 1,5 сая төгрөг хүртэл 5 жилийн хугацаанд тогтмол төлж хамтран ажилласнаар түрээсийн мөнгөөрөө үндсэн төлбөрөө төлж, өөрийн байртай болох томоохон боломжийг олгож байна. Метр квадратыг нь 1,500,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хотын төвөөс 2,5 км зайтай А бүсийн байршлын хувьд маш хямд гэсэн үг. Дээрх төлбөрийн нөхцлийг төрийн албан хаагчид, залуу хосууд болон бусад бага орлоготой гэр бүлд зориулж гаргаснаар гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна. Гол нь санхүүгийн сахилга бат чухал. Анх түрээсийн гэрээ хийхдээ сар бүрийнхээ төлбөрийг тодорхой хугацаагаар төлөөгүй тохиолдолд үндсэн төлбөр бус түрээсийн төлбөр болгон суутгахаар гэрээ хийж байгаа тул иргэд санхүүгийн сахилга батыг сайтар мөрдөж, төлөлтөө алдалгүй тогтмол төлж байх нь иргэдэд манай компаниас олгож байгаа давуу тал юм” гэж тус компанийн захирал тайлбарлалаа.

 

Эхний ээлжинд газар чөлөөлсөн айлууддаа байрыг нь бүрэн олгож, үлдсэн байруудаа дээрх хэлбэрээр захиалгыг нь аваад дуусжээ. Дэнжийн 1000 орчмын 9, 10, 11 дүгээр хорооны төдийгүй хотын төвийн бүсэд амьдрах хүсэлтэй иргэдийн зүгээс маш эрэлттэй байгаа бөгөөд дараагийн ээлжийн барилгууд ч захиалгаа авч дуусаад байгаа юм байна.

Г.Нараа