МЭНДЧИЛГЭЭ

2012-09-07 00:00:00

        Улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэгч үе үеийн барилгачид, тэдний гэр бүл үр хүүхэд Та бүхэнд Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойн халуун мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 Энэ жилийн барилгачдын баярын өдрүүдэд Монгол Улсад анх удаа “Mining and Construction Mongolia 2012” олон улсын үзэсгэлэнг “Дэлхийн хөгжлийг Монголд” уриан дор Их Британийн “Allworld Exhibitions” групп, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, барилгын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлд ихээхэн хувь нэмэр оруулсан онцлогтой гэж хэлж болохоор байна.

Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас Барилгын салбарын стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, барилгын чанарыг сайжруулах замаар иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, цемент, төмөр хийц, шил, дулаалгын материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилт тавин ажиллаж байна.  Хот байгуулалт, барилгын салбарынхны өндөр зохион байгуулалт, чанд сахилга, шаргуу зүтгэлийн үр дүнд энэ зорилт ажил хэрэг болж хэрэгжих учиртай.

Барилгын салбарын 86 жилийн ойн босгон дээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотголыг Улсын Их Хурлаар батлуулах нөр их ажил хийгдэж байгааг хэлэхэд таатай байна. Төрөлх хотынхоо цогцолбор бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэгч нь  барилгачид та бүхэн байдгийг баярын энэ өдөр цохон тэмдэглээд, нийт барилгачдын маань ажил үйлс улам өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн албаны өмнөөс дэвшүүлье.

 

 

 

 УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР БӨГӨӨД  НИЙСЛЭЛИЙН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ,

 ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА                                           Э.ХҮРЭЛБААТАР