“Bootleg Beatles" Сүхбаатарын талбайд...

2012-09-06 00:00:00

         Энэ жил Английн Ливрпүүлийн алдарт дөрвөл болох Битлз хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа юм. 50 жилийн ойн хүрээнд "Beatles Fan Club"-ийн гишүүд  ярилцан Монголдоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Bootleg Beatles”  хамтлагийнханыг урьж, Нийслэл хотынхонд үнэ төлбөргүй жинхэнэ амьд тоглолтыг толилуулахаар шийдээд байгаа билээ.  “Bootleg Beatles хамтлагын тоглолт энэ сарын 7 нд Сүхбаатарын талбайд болох юм.  Тус хамтлагийг гишүүд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзлан элэгсэг дотно яриа өрнүүллээ. 

       Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс та бүхэнд би баярлалаа гэж хэлмээр байна.  Би бол Битлз хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч. 1960-1980-аад оны үед буюу хаалттай нийгмийн үед би Битлзийн дууг нууцаар сонсдог байлаа. Тухайн үед энэ хамтлагын дууг сонсохыг хориглосон байсан бөгөөд хөрөнгөтний дуу гэж бидэнд ухуулдаг байсан юм. Үнэндээ “Битлз”-ийн дуу бол хөрөнгөтөн нийгмийн суртал ухуулга огтоос байгаагүй харин хайр сэтгэл, хүний амьдралыг л магтан дуулдаг байсныг би хожим нь мэдсэн. Би Битлзийн дуунаас эрх чөлөө гэдгийг ухаарсан. Битлзийн дууг нууцаар сонсдог жаахан хүүхэд байхдаа том болоод коммунист нийгмийн эсрэг тэмцэж, эрх чөлөөтэй хүн болно гэдэг зорилгийг өөртөө тавьж байлаа. Тэр үеийн хаагдмал нийгэмд "Битлз" гэдэг бол зүгээр нэг хамтлаг биш бидний хувьд ардчилал, эрх чөлөөний билэг тэмдэг байсан гэдгийг онцлон хэлсэн.

      Bootleg Beatles хамтлагийн ахлагч: Битлз хамтлагийг  үүнээс илүүгээр хэрхэн магтах билээ. Танд маш их баярлаж байна. Битлз хамтлаг Монголчуудад үнэхээр үзэл санааны том хувьсгалыг авчирч чадсанд гайхаж бас баярлаж байна гэлээ.

       Харин хотын дарга:  Коммунизмийн багш Ленин бол миний багш Битлз юм хэмээн хошигнон хэлээд,  Ази тивд Битлзийн хөшөөтэй ганцхан улс байдаг нь манайх юм. Улаанбаатарын унаган иргэдийн нутагт сүндэрлүүлсэн “Битлз”-ийн хөшөөг босгоход би багагүй хувь нэмэр оруулсан. Цаашид энэ хөшөөг улам илүү сайжруулах шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Та бүхэний тоглолтонд амжилт хүсье гэв.