Д.Баттулга: Зөвшөөрөлгүй барьсан барилгыг цахилгаан, дулаан, цэвэр усаар хангахгүй

2012-09-04 00:00:00

       Нийслэлийн БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэр нэгдсэн 3-р эмнэлгийн баруун урд үзүүрт барьж байгаа барилгад шавар шахаж байсан  краны эд анги салж унаснаас болж 12 настай охин амь насаараа хохирсон эмгэнэлтэй явдал болсон. Болсон явдалтай холбогдуулан  НИТХ-ын дарга Д.Баттулга байр сууриа илэрхийллээ. Тэрээр  сэтгүүлчдэд мэдээлэл хийхийнхээ өмнө талийгаач охины аав  ээж, ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Тухайн газарт эмнэлэг, орон сууцны зориулалт бүхий барилга барих зөвшөөрлийг иргэн Батболд 2012 оны 1-р сард авчээ. Гэхдээ барилгын зураг төслийг нийслэлийн Барилга хот байгуулалтын албанд албан ёсоор хянуулж зөвшөөрөл аваагүй байсан байна. Зөвшөөрөлгүй энэ барилгын гүйцэтгэгчээр “Төгс гүрэн” компани ажиллаж байсныг НИТХ-ын дарга онцоллоо.  Тухайн барилыг гурван давхар хүртэл барьсан байхад нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч аюулт өдрийг хүртэл тэд барилгаа барьсаар долоон давхар болгожээ.  Хэрэв ийм осол гараагүй бол батлагдаагүй зураг төслөөр тэнд 13 давхар барилга босч, нийслэл дэх зөвшөөрөлгүй барилгын тоог нэгээр нэмэх  байжээ.

          Нийслэлийн хэмжээнд холбогдох зөвшөөрлийг авалгүй эхлүүлсэн болон барьж дуусгасан 63 барилга байгааг тогтоосон гэж НИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ. Тэдгээр дууссан барилгыг дулаан, цахилгаан, цэвэр, усаар хангаж бохирыг нь татаж авахгүй байх талаар хангагч байгууллагуудад Нийслэлийн төр захиргааны байгууллагаас үүрэг болгоно гэж НИТХ-ын дарга мэдэгдэв.