Гэр бүлээрээ дугуйн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлнэ

2019-05-11 15:29:31

Монгол Улсыг хүүхэд, залуучуудын орон гэдэг. Улаанбаатар хотыг ч хүүхэд залуучуудын хот гэж хэлэхэд дэгсдүүлсэн болохгүй. Харин нийслэл хотын зуу зуун мянган хүүхэд, залууст тоглож наадах, амарч тухлах, аялж зугаалах гудамж талбай хомс, адаглаад гайгүй чанартай дугуйн зам ч ховор байдаг. Үе үеийн хотын дарга нар үүнд чиглэсэн ажил хийнэ гэж олонтаа ярьдаг ч амьдралд биеллээ олсон нь хэд билээ. 

Сүүлийн хэд хоногт Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх Туул голын эрэг дагуу 22 км урттай дугуйн зам болон явган хүний зам байгуулах гэж байгаа тухай дуулдах болов. Энэ зундаа багтаад дээрх ажил бодитоор биеллээ олчихвол Улаанбаатарчууд их баярлана даа. Гэрээсээ ажилдаа очтол дугуйгаар явах нь байтугай, байрнаас байрны хооронд ч болсон хүүхдүүдийнхээ “хорхойг дарж”, дугуй жийлгэх гэхээр зам талбай хүрэлцдэггүйг хэн хүнгүй мэдэх хойно. Зуслангийн чиглэлд тавьсан дугуйн замууд нь арай дөнгүүр боловч 20 метр хүрэхгүй яваад л машины орц, гарц гээд сэтэлчихдэг тул аюулгүй байдал талаасаа дугуйтай хүмүүст үнэхээр хүндрэлтэй байдаг.

 

Тэгвэл одоо Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл олон улсын чанар, стандартад нийцсэн 22 км урттай дугуйн зам байгуулах гэж байна. Цааш нь үүнийгээ сунгаад Налайх хүртэл дугуйн замтай  болгоно гэдгээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдэгдээд буй. Улаанбаатар-Налайхын хооронд бүтэн цаг орчим зам дээр түгжирч, унтах нь холгүй болдог байсан бол намраас дугуйгаар жирийгээд ирж, очдог болох нь. 

“Тэр хооронд амарч, амьсгаагаа дарах газар байхгүй дээ, яана” гэж зовохын ч хэрэггүй болох гэнэ лээ. Учир нь Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх замд иргэд гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, багачуудад “хаягласан” тоглоомын талбай, түргэн хоол, кофе шопоор үйлчлэх худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар, авто машины нэгдсэн зогсоол хүртэл байгуулах аж. Амралтын өдрүүдээр гэр бүлдээ цаг зарцуулах санаатай салхинд гарах гээд Налайхын зам дээр “мөнхөрдөг” явдал тэгэхээр эцэс болж, гэр бүлээрээ бүгд дугуй жийж болох нь байна. Дугуй унах нь ямар олон талын ач тустайг бүгд мэднэ дээ.