Хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзалт ярилцлага зохион байгууллаа

2019-05-09 14:34:30

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн удирдах нэгжээс агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар уулзалт ярилцлагыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зарим хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хийсэн уулзалт ярилцлагад Нийслэлийн агаар, орчны  бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д. Мөнхжаргал оролцож, Монгол Улсын Засгийн газрын  2018 оны 62 дугаар тогтоол  энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн төр захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээний  талаар мэдээлэл хийж, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын  газрын  харьяа Улаанбаатар хотын нийтийн  аж ахуйг сайжруулах төслийн удирдах нэгжээс хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авч хэрэгжүүлэх  арга хэмжээний  талаар  танилцуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг төслийн үйл ажиллагаа иргэдэд үр өгөөжөө өгч байгаа тул дараагийн үе шатыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгтэй уулзалтанд оролцогчид санал нэгдэн, төслийн  2 дахь шатыг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд  иргэдэд мэдээлэл  түгээх, хариуцсан хороодын иргэдийг  хамруулахад  хамтран  ажиллаж,  төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ уулзалт ярилцлагад оролцогсод илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН  АГААРЫН  БОХИРДОЛТОЙ  ТЭМЦЭХ ГАЗАР