С.Амарсайхан браво

2019-04-23 18:34:28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа өнөөдөр албан ёсоор  мэдэгдэв. Төв талбай дээрээ зогсож байгаад хийсэн түүний мэдэгдэл хэр олон албан тушаалтан, эрх мэдэлтний зэвүү дургүйг хүргэх бол.

Монгол Улсын нийслэл хотын төв талбайн гуравны нэгийг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх захирамж 2006 онд гаргажээ, “бүдүүн зүрхтэй” нэгэн мээр. Тэр цагаас хойш Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг тухайн үед эзэмшүүлэхдээ орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилууртай газар доогуурх үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар олгож, гэрээлсэн атал өнөөг хүртэл  төв талбайд усан оргилуурын бараа харсан хүн нэг ч алга. Гэтэл яагаад 13 жилийн турш нэг ч хотын дарга энэ асуудлыг хөндөн гаргаж, цэгцэлж чадаагүй вэ гэдэг нь яалт ч үгүй анхаарал татах асуудал мөн. Тэдний халдаж чаддаггүй, ил гаргаж зүрхэлдэггүй байсан зүйлийг нь С.Амарсайхан дэлгээд хаячихлаа. Түүнээс өмнө хэн ингэж зүрхэлсэн юм бэ. Одоо харин түүн рүү ямар дайралт ирэх бол.

2016 онд төв талбайг шинэчилж, урд талд авто машины зогсоол байгуулсан. Гэвч зогсоолоос олсон орлогынхоо 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн гэрээний заалт мөн л өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй, Улаанбаатарчуудын авдарт нэг ч төгрөг орж ирээгүй гэдэг ч бас асуудал. Тэгээд зогсохгүй, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдагийн үлгэрээр 2017 онд эл компани өнөөх эзэмшлийн газраа 22.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байх юм. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд хамаагүй боловч хуулиар хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэхгүй өдий хүрснийх нь төлөө Сүхбаатарын талбайнхаа газрыг буцааж авахад “Төр хувийн өмч рүү халдлаа” гэж дургүйцэх, зусардах болчимгүй тэнэг ард түмэн монголчууд биш. Тартагтаа тултал ядуурлаа ч, тамтгаа алдтал зовлоо ч эх орныхоо алтан хөрснөөс сөөм газар зарж, амьдралаа залгуулах хэмжээний үнэт зүйлгүй, итгэл үнэмшилгүй дорой хүмүүс ч бас бид биш билээ.   

Тиймээс хотын Захирагчийн шийдвэр олон түмний талархлыг хүлээх нь дамжиггүй. Харин энэ асуудлыг өдий олон жил нуун дарагдуулж ирсэн эрх мэдэлтнүүдийн хувьд С.Амарсайханыг одоо “хорхойтой араандаа” лавхан зуух биз. Монгол хүн бүрийн сэтгэлд хүндлэл төрүүлдэг Сүхбаатарын талбайнхаа урд хэсгийн 2.5 га газрыг 2021 он хүртэл хувийн хэвшилд эзэмшүүлчихээд байхад бүлх залгисан мэт дуугүй байсан улстөрчдийн, бүр тодруулбал МАНАН-гийн санхүүжилтийн нэг “цорго”-ыг тэр хаачих шиг боллоо. Хотын дарга танд баяр хүргэе.