“НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ” үзүүлэх ажлыг зохион байгууллаа

2019-04-10 17:47:04

Улсын тэргүүний 84 дүгээр сургууль 30 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд “Нээлттэй сургууль” үзүүлэх ажлыг өчигдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НБГ-ын дарга Ж.Гантулга, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, БЗД-ийн Засаг даргын орлогч Б.Уламбаяр, Л.Наранчулуун болон албаны хүмүүс оролцлоо.

Үзүүлэх ажлын үеэр 84 дүгээр сургуулийн сургууль хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн, сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт, 30 жилийн ой угтсан 30 бүтээлч ажлууд, бүтээн байгуулалтууд, сургуулийн соёл, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, хүүхэд хөгжүүлэх сургалтуудын авьяаслаг 580 гаруй сурагчдын урлагийн тоглолтыг үзүүллээ.

Монгол улсын анхны цахим сургууль гэсэн тодотголтой тус сургууль нь 220 орчим багш ажиллагсадтай, 5000 гаруй сурагчтай бөгөөд ЕБС-ийн сургалтын орчны жишиг болохуйц сургуулийн бүх анги кабинет, сургалтыг дэмжих орчны тохижилт, хүүхдийн танин мэдэхүй, суралцахуйн ач холбогдлын үүднээс хийсэн бүтээн байгуулалтууд, анги танхимын тохижилтоос харагдаж байлаа.