80 бага сургуулийн хөрөнгө оруулалтыг Засгийн газраас шийдэхээр боллоо

2013-05-16 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар “80 бага сургууль барих” ажилд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэл хотод 80 бага сургууль барих ажлын эхний үе шат болох сургуулиудын байршлыг тогтоох тухай асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталсан. Эдгээр сургуулийг ойрын хугацаанд барих тал дээр Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажиллахаар болж, хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдэхээр талууд харилцан тохиролцож байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “80 бага сургууль барих ажлыг хурдасгахын тулд газрын асуудлыг шийдвэрлэж, зураг төслийн ажлыг яаралтай хийсний дараа Боловсрол, шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдэж байгаа. Тиймээс бид нийслэлээс хамааралтай асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Мөн цаашид байгууллагуудын дэргэд цэцэрлэгтэй болгох ажлыг бид санаачлан бодит ажил болгох гэж байна.Энэ тал дээр салбарын яамны зүгээс журамд өөрчлөлт оруулах зэргээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн энэ жил боловсролын салбарын бүтээн  байгуулалтын ажилд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Жишээ нь 3, 11-р сургуулийн шинэ барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгана гэдгийг онцолсон юм.  Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Хотын даргыг шинэ ажил санаачлан, эхлүүлж байгаад талархаж байна. Бидний зүгээс 80 бага сургууль болон байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн асуудалд бүрэн дэмжиж, нягт холбоотой ажиллана. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад физикийн 100 лаборатор байгуулах гэж байна. Үүний 40-өөс багагүйг нь нийслэлийн сургуулиудад байгуулахаар төлөвлөсөн. Цаашид олон ажилд хамтран ажиллах болно” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.