Такси үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

2019-04-09 13:32:43

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр баталсан “Такси болон дуудлагын такси үйлчилгээний гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Такси үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 улсын стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор өнөөдрөөс эхлэн Тээврийн хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар шалгалт хийж байна.

Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг, сэлбэг нөөцийн хангалт, инженер техникийн ажилчдын боловсон хүчний байдал болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүд, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийж тээврийн хэрэгслийн гэрэл дохио дутуу, гадна болон дотор цэвэрлэгээ хийгдээгүй, суудлын бүрээс бохир зэрэг зөрчлүүд гарахаас урьдчилан сэргийлж, угаалга цэвэрлэгээ хийлгэн зөрчил дутагдлыг арилгуулан үйлчилгээнд гаргаж байна.

Энэхүү шалгалт нь батлагдсан хуваарийн дагуу энэ сарыг дуустал хийгдэх юм. Такси үйлчилгээний 8, дуудлагын такси үйлчилгээний 4 нийт 12 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.