Журамгүй хашаа хайсыг журамлах цаг ирлээ

2019-04-09 12:40:57

– Хашаанд стандарт тогтоож буулгуулдаг босгуулдаг хууль үгүйлэгдэж байлаа. Гэтэл саяханаас Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг боловсруулан иргэдээс санал авч, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна –

 

Сүүлийн жилүүдэд монголчууд тэр дундаа нийслэлчүүд хашаажиж хайсжих болов. Монгол дөрвөн улиралтай, дөрвөн улирал нь дотроо дөрвөн улиралтай гэж ёгт үг гарсан шиг нийслэл хот хашаатай, хашаан дотроо хайстай гэж хэлэгдэх боллоо. Нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудад хашаа хайс гэдэг ойлголт зөвхөн малын хашаа хороо, сараа гэдгээсээ хальж өөрийн өмч гэж үзсэн бүхнээ хашаалах боллоо. Байгууллага тэр ч бүү хэл орон сууцны нийтийн авто зогсоолын зайд зөвхөн өөрийн машиндаа тааруулан хайс хийсэн байгаа нь элбэг тохиолдоно.

Өдгөө нийслэлийн хашаа хайсжилт утгаа алдсан гэхэд хилсдэхгүй. Жадан үзүүртэй өндөр нам, урт нарийн төмөр хашаа хайс, барилгын ажил эхэлсэн газруудад “дүрэм” болсон нимгэн төмрөн хашаа алхам тутамд таарна. Сэлэмний ир, жадны үзүүр болсон хашаа хайс нь хүн сүлбэчих аятай ганхан гунхан. Салхи ихтэй манай нийслэлд нимгэн төмрөн хашаа нь хэдхэн хоногийн настай, хажуугаар нь явах хүнийг хэзээ мөдгүй хэрчих заазуур болон дэрвэнэ. Барилга барихдаа хамгаалалтын төмөр хашаа барих стандарт байдаг байх л даа гэхдээ л энэ хоцрогдсон арга гэдгийг ядаж л урд хойд хөршөөсөө харчих.

Хойд хөршийн жишээ: Барилга барих компаниуд барилга барих газраа хашаагаар хамгаалахаасаа илүүтэй тухайн баригдах барилгынхаа загварыг харуулсан хулдаасан хэвлэлээр тойруулан “байшин”-гаа босгоно. Гаднаас нь харсан хэнд ч байшин л харагдана. Иймэрхүү хамгаалалтыг очоод сүйтгэчих ухамсар тэдэнд байдаггүй нь илт.

– Урд хөршийн жишээ: Барилга барих аж ахуйн нэгжүүд тухайн газраа хамгаалахдаа төмөр хашаа хайсаас татгалзаж гэрэлтдэг тууз, том саванд тарьсан зөөвөрлөх зориулалттай ногоон байгууламж ашиглаж байна.


Хойд урд хөршийн энэ санаа барилга барихаар эрх авсан аж ахуйн нэгжүүдэд санаа авахаар сайхан бас аюулгүй арга шүү. Мэдээж хөрөнгө мөнгө нь хэнд ч хэрэггүй төмөр хашаа барихаас үнэтэй л тусахгүй байх. Үнэтэй байлаа ч ийм хэмжээний зардлыг тухайн аж ахуйн нэгжээс шаардах л эрхтэй баймаар. Бид чинь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Агаарын бохирдол, хөрсний бохирдол ихтэй манайх шиг нийслэлд эко хашаа хайс ургуулаад арчлаад эхэлбэл өнгө үзэмж, эрүүл ахуйн талаасаа ч үлдэх өв болох юм даа…

Иргэн аж ахуйн нэгжүүдийг хашаа хайс барихад төрийн бодлого зайлшгүй байх хэрэгтэй болоод байна. Хэн дуртай хүн өөрийн дураар таарсан газраа жадан үзүүртэй төмөр хашаа бариад байвал хот ямар харагдах билээ. Үүнд хотын удирдлага, холбогдох дарга нар нэгийг бодож байгаа нь лавтай. Хашаа хайс барьснаар хот хөгжихгүй нь тодорхой. Харин нийслэлд хашаа барихад стандарт тогтоож өгвөл зүйд нийцэх болов уу. Ямар хашаа барих гэж байгаагаа, тэр бүү хэл ямар өнгөөр будахыгаа зөвшөөрүүлдэг байх хэрэгтэй.

Дүүрэг бүр өөрийн өнгө төрхтэй байж яагаад болохгүй гэж.

Нийслэлийн иргэд хашаагүй орчинд чөлөөтэй орж гарах нөхцлөөр хангагдсан байх учиртай. Хашаанд стандарт тогтоож буулгуулдаг босгуулдаг хууль үгүйлэгдэж байлаа. Гэтэл саяханаас Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг боловсруулан иргэдээс санал авч, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна. Ингэхдээ судалгаа хийж, орон сууцны 46, аж ахуйн нэгжийн 104, барилгын нийт 7065 м 85 хашааг буулгах боломжит судалгааг хийсэн байна. Энэхүү асуудал цаасан дээр буусан шигээ амьдралд хэрэгжвэл явган хүн, дугуйтай зорчигч, автомашины орц гарцыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.

Хотын өнгө үзэмжид нөлөөлсөн, төмөр хайс хашааг буулган барилгын норм, дүрэмд заасан шаардлагад нийцүүлэн хашаа, хайс, түр хашаа, амьд хайс барих, ашиглах өндрийн хэмжээг тодорхойлох зэрэг заалт орсон дээрх судалгааг хоног тоолон хүлээнэ. Их хотын иргэн та ч бас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийслэлийн өнгө үзэмж, ард иргэдийн ая тухтай байдлын төлөө энэхүү ажлыг дэмжиж журмын төсөлд саналаа өгөхийг уриалж байна.