Хотын захирагч С.Амарсайхан Нийслэл дэх агаар болон орчны бохирдлын эсрэг хамтдаа тэмцэхийг уриаллаа

2019-04-09 12:08:26

“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган өнөөдөр Соёлын төв ордонд боллоо. Чуулганы арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцов.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт амьдрах орчны судалгаа хийхээр төлөвлөж байна. Энэхүү судалгаанд оролцох хяналтын 648 хүн болон хороодын дарга, бусад холбогдох албан тушаалтнууд мөн өнөөдрийн чуулганд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан чуулганы хуралдаанд үг хэлэхдээ, Нийслэлийн хувьд өнгөрсөн он жилүүдэд агаар болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлсээр байгааг онцлоод, энэ хүрээнд хийгдсэн зарим ажлуудыг танилцууллаа.

  • - Нийслэлийн Төсвийн хөрөнгөөр төвлөрсөн дулаан хангамжинд холбоогүй төрийн өмчийн уурын зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох, хаягдал утааны хийн хэмжээг бууруулах дэвшилтэт технологи бүхий шүүлтүүр суурилуулах ажлыг зохион байгуулсан
  • - Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх ажлыг зохион байгуулж нийт 109,654 хэрэглэгчид 109.2 сая кВт.ц-ийн 9.4 тэрбум төгрөгийн, 2019 оны эхний 2 сарын байдлаар нийт 108154 хэрэглэгчид 58.6 сая кВт.ц-ийн 4.94 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг авсан байна.
  • - 2019 онд нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн 41964 айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
  • - 2019 онд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны сервис цэнтрийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
  • - Улаанбаатар хотын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн анги танхимуудыг агаар цэвэршүүлэгчээр хангасан бөгөөд цаашид энэ талын арга хэмжээг илүү үр дүнтэй, оновчтой хэлбэрээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • - НМХГ-ын бүтцэд агаарын чанарын хяналтын хэлтсийг байгуулсан бөгөөд үүний үр дүнд түүхий нүүрсний шаталтаас ялгарах хорт бодисоос хэд дахин илүү хорт бодис ялгаруулдаг пластик болон олгой хаймар, дугуй, ажилласан тос масло шатаадаг байдлыг цаг алдалгүй зогсоодог болсон гэдгийг Хотын дарга чуулганд оролцогчдод хандан онцолж хэллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан ба үүнтэй уялдуулан Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгосон. Энэ ажлын хүрээнд агаар болон орчны бохирдлыг бууруулахад үйлсэд заавал нэгдэхийг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт иргэддээ уриаллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.