Азийн хөгжлийн банкнаас Нийслэл хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үргэлжилнэ

2019-04-04 18:23:01

Өнөөдөр /2019.04.04/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан,  Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийг хариуцсан Ерөнхий захирал Эйми Леунг болон АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нарын албаны хүмүүсийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Эйми Лиунг Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар танилцуулж, цаашид шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн эрүүл мэнд, гэр хорооллын дахин төлөвлөлт, тээвэр зэрэг хэд хэдэн тодорхой төслүүдэд ач холбогдол өгч хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Манай хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төсөл хөтөлбөрүүдэд санаа тавьж өөрийн биеэр хүрэлцэн ирсэн Эйми Лиунг танд талархал илэрхийлье.  Улаанбаатарт эрүүл мэндийн салбар болон дэд бүтцийн асуудлыг шийдэхэд эдгээр төслүүд чухал үүрэгтэй. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэх томоохон төсөл хэрэгжиж байна. Цаашид хэрэгжих хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн төсөл чухал ач холбогдолтой гэдгийг хэлмээр байна. Тиймээс төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг бидний зүгээс авч ажиллана. Харьяа байгууллагуудад шаардлага тавьж, шуурхай ажиллуулна. Зарим нэг төслүүд бага зэрэг удаашралтай байна. Төслийн багийг улам идэвхжүүлэхэд цаашид анхаарах болно.Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй энэ бүх төслүүд салбар салбартаа жишиг болох дэд бүтцийн суурь ач холбогдолтой юм” гэв.

Өнөөдрийн уулзалтаар одоо хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаар тохиролцов.

Тус уулзалтын дараа Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ

Тэрээр “Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүлж буй Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэх, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх олон төслүүд амжилттай хэрэгжиж байна. Сэлбэ, Баянхошууны дэд төвийн эхний шатны ажлууд дуусч байна. Хоёрдугаар, гуравдугаар шатны ажлууд цааш үргэлжлээд явна. Тус ажлын хүрээнд гэр хороололд шинэ төвүүдийн дэд бүтцийг бий болгосон газруудыг хөгжүүлэх, орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх, гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ жилээс эхлээд чанарын шаардлага хангасан хямд өртөгтэй, өндөр чанартай олон орон сууцнуудыг барих төслийн ажил эхэлж байна. Үүнээс гадна Улаанбаатарт нийтийн тээврийг сайжруулахтай холбоотой түргэн замын төслийг эрчимжүүлнэ. Мөн нэг чухал асуудлыг ярьж байгаа нь Улаанбаатарын төвөөр явж байгаа Төмөр замыг шинэчилж, Богд уулын урдуур явуулах тойрог замын төмөр замын төслийн ажлыг эхлүүлэх асуудал яригдаж байна. Тухайн асуудлыг ойрын хугацаанд судалгаа, тооцоог нь хийгээд бэлтгэл ажлууд нь хангагдсан ч зарим нэг санхүүжилтийн асуудлуудыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудтай хэлэлцэж байна. Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр зам зөвхөн нүүрс, ачаа тээврээс гадна замын бөглөрөл түгжрэлийг бий болгохоос гадна бүх төрлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөр тээвэрлэдэг. Иймд хотын аюулгүй байдлыг хангах, агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг багасгах хүрээнд Богд уулын төмөр замын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа учраас энэ ажилд анхаарч ажиллана” гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.