Эвдэрч сүйдсэн өмч хөрөнгийг нөхөн төлүүлэх, арчлалт хамгаалалтад хяналт тавих ажлыг онцгой анхаарч байна

2019-03-28 10:08:23

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2019 оны 03 сарын 06-ны өдрийн А/54 дугаар бүхий “Эд хөрөнгийг үнэлэх зөвлөмж, аргачлал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдаж Нийтийн эзэмшлийн эвдэрч сүйдсэн өмч хөрөнгийг нөхөн төлүүлэх, арчлалт хамгаалалтад хяналт тавих ажлыг онцгой анхаарч эхэлсэн. Тус ажлын хэсэг байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 16 байршилд хайс хашлага, ногоон байгууламж сүйтгэгдэж, 5 байршилд гэрэлтүүлгийн шон дайрагдсан тооцоо гараад байна. Нийт 29,582,965 төгрөгний хохирлын учраад байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албатай хамтран ажилласны үр дүнд 9 ослын эзэн холбогдогчийг олж тогтоон 3,077,093 төгрөгний хохирлыг бүрэн барагдуулж нөхөн сэргээлт, засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Урьд нь эвдэрсэн хайс хашлагыг сэргээн засварлахад Улаанбаатар зам засвар арчлалтын газар, ногоон байгууламж сүйдэхэд Хот тохижилтын газар болон ашиглалт хариуцсан аж ахуйн нэгжид, гэрлийн шон дайрагдахад мөн хариуцсан гэрэлтүүлгийн байгууллага руу шилжүүлэх гэх зэрэг олон төрлийн дансанд орж нөхөн сэргээлтийн хяналт хангалтгүй хийгдэх, орхигдох асуудал гардаг байсан.  Уг ажлын хэсэг байгуулагдсан гол онцлог нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Төрийн сан банк дах дансанд нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийн хохиролтой холбоотой бүх нөхөн төлбөрийг төвлөрүүлж нөхөн сэргээлт, хэрэгжилтийг нэгдсэн нэг хяналтын дор зохион байгуулдаг болсон явдал юм. Монголын Хохирол Үнэлэгчдийн холбоо ТББ-тай хамтран хохирлыг хэмжээг бодитой, шуурхай, үндэслэлтэй тогтоож Тээврийн цагдаагийн албанд мэдэгдэж хохирол барагдуулах ажиллагааг шуурхай шийдэж байгаа нь тус менежментийн онцлог болж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.