Нүдээ олсон зөв хөтөлбөр учраас хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй

2013-05-14 00:00:00
“Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийг санаачлагч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ахмадын орон сууц хөтөлбөр нь ахмадуудаа чиглэсэн зорилтот хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн ахмадуудын орон сууц биш соёлын төв, үйлчилгээний төвүүд, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэг, талбайг цогцоор нь шийдсэн хороолол барина. Жилд 10-15 мянган  иргэн ахмад настны эгнээнд шилжиж байна. Тиймээс бид хямд өртөгөөр түрээслэх зарчмаар ахмадуудаа орон сууцанд оруулах хэрэгтэй. Олон жил орхигдсон буурлуудаа бид зайлшгүй анхаарал хандуулах цаг болсон” гэдгийг хэлж байгаа. Харин иргэд уг хөтөлбөрийн талаар хэр мэдээлэлтэй байгаа бол сонирхлоо.
Нүдээ олсон зөв асуудал болно
Сүхбаатар дүүргийн иргэн Т.Дугаржав:
-Үнэхээр  өндөр настай иргэдийг хамруулж чадвал нүдээ олсон асуудал болно. Гэтэл өнөөдрийн нийгэмд будилаантай зүйл их байна. Нэг хэсэг нь ахмадуудаа харж үзнэ гэж байгаа бол нөгөө хэсэг нь эсрэгээрээ байх жишээтэй.  Хийдэг ажлаа хийгээд амралтандаа гарна, нас өтөлнө гэдэг чинь аргаа барсан асуудал байдаг юм байна. Тухайн айлд ямар нэгэн асуудалтай хүн байвал тэр айлын амьдрал нурж байна л гэсэн үг. Тухайлбал, манай  нэг хүү миний тэтгэврийг зээллүүлж байна. Үхтэл үр харам гэдэг болохоор хүүдээ зээлээд өгөх юм. Гэтэл би өөрөө авч байвал надад бас  хэрэгтэй шүү дээ. Үүнээс гадна тухайн байрыг  түрээслүүлнэ гэсэн. Тэтгэврийн насны бидэнд тухайн мөнгөнд нь тохирсон үнэ хэлэхгүй бол илүү гарч чадахгүй шүү дээ. Ганцхан орон сууцандаа тэтгэврээ өгөөд байвал бас болохгүй.
Түрээслүүлэх нь зөв
Сүхбаатар дүүргийн иргэн С.Ангир:
-Уул нь их боломжтой хөтөлбөр санагдсан. Харин нэг таалагдахгүй болзол байх шиг байна.  Тэр нь өмнө нь байр авсан ахмад энэ хөтөлбөрт хамрагдахгүй гэсэн ойлголт яваад байгаа. Энэ үнэн бол асуудалтай л юм. Өнөөдөр байр аваагүй ахмад ховор байх. Миний хувьд хүүгийндээ амьдардаг. Насны эцэст  өөрийн гэсэн байртай болчихвол уул нь зүгээр санагдаад байна. Харин тэр түрээслүүлнэ гэдгийг дэмжиж байгаа. Би мөнх биш учраас дараачийн хүн дамжуулан  түрээсэлж байх нь зөв. Өөрөөр хэлбэл, түрээслэх зарчимтай байж, энэ хөтөлбөр илүү сайн хэрэгжих болно. Барууны оронд ч гэсэн ийм зарчмаар ахмад настнуудаа дэмждэг. Тийм болохоор үүнийг ашигтай гэж бодож байна.
Тэтгэврээс суутгаад явах  хэрэгтэй
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Намжилмаа:
-Үнэхээр зөв хөтөлбөрийг эхлүүлж байна. Өнөөдөр миний хувьд хүүхэдтэйгээ амьдарч байна. Бидний хувьд нас жаахан яваад ирэхээр үр хүүхэддээ дараа болохгүй байхыг боддог юм байна. Тиймээс энэ хөтөлбөрийг дэмжиж байгаа. Харин тэр түрээс гэж байхаар хөтөлбөрөө хурдан эхлүүлж одооноос эхлээд тэтгэврийн хэдэн төгрөгнөөс нь суутгаад явах  хэрэгтэй. Бидэнд түрээс гэхээсээ илүү өөрийн эд хөрөнгө чухал шүү дээ. Ер нь  настай хүмүүст хамгийн чухал нь тав тухтай орчин. Бид ч гэлтгүй залуусыг ч гэсэн  орон сууцжуулах хэрэгтэй. Орчин үеээ дагаад мөн  залуусыг дэмжвэл зүгээр байна.
Хөтөлбөрийг дэмжиж байна
Төв аймгийн иргэн Л.Хуягбаатар:
-МАН-ын бүлгээс уг асуудлаар 14 хоногийн завсарлага авсан мэдээг үзсэн. Гэтэл саяхан хуралдаж, энэ хөтөлбөрийг баталлаа гэж байна лээ. Уг хөтөлбөрийг дэмжиж байна. Харин яг ямар байдлаар, хэдэн настай иргэдэд олгох гэх мэт нөхцлийн талаар сайн мэдээлэл алга. Гэхдээ энэ хөтөлбөрийг эхлүүлж, Монгол Улс ахмадаа дэмжих эхний алхмыг тавьж байгаад баяртай байна. Харин энэ байрыг түрээслэнэ гэж яриад байгаа. Үүний оронд өмчлүүлбэл дээр. Тухайн байранд орж байгаа өндөр настангууд цаанаа үр хүүхэдтэй. Тийм болохоор үр хүүхдүүдэд нь өвлүүлэх нь дээр.
Түрээслэх бус өмчлүүлэх хэрэгтэй
Баянзүрх дүүргийн иргэн Н.Баянжаргал:
-Үнэхээр хэрэгжүүлж чадвал хэрэгтэй хөтөлбөр. Гэхдээ ганц нэг яригдаад байгаа зүйлийг нь дэмжихгүй байгаа. Миний сонсноор тухайн байранд  би амьдарч байгаад бурхан болвол  дараагийн шинэ хүнд өгөх асуудал яригдаад байгаа юм билээ. Үүнийг заавал дараагийн хүнд өгөх хэрэг байна уу. Миний хувьд гэр хороололд амьдарч байна. Үнэхээр  хөтөлбөрт хамрагдлаа гэж бодоход өөрөө байхгүй болбол үр хүүхэддээ өвлүүлж үлдээх нэг ч зүйлтэй явмаар санагдах юм. Тийм болохоор түрээс гэхээсээ илүү  өмчлүүлэх хэрэгтэй юм болов уу. Бидэнд өгч чадах мөнгө тэтгэвэр байгаа болохоор түүнийг нь барьцаалаад асуудлыг шийдэж болно шүү дээ.
Үр хүүхэддээ нэмэр болохгүй ч дараа болохгүй юмсан
Сүхбаатар дүүргийн иргэн Ш.Даваажав:
-Бид хүүгийндээ амьдардаг. Хэдийгээр үр хүүхдээрээ асруулж байгаа  гэсэн ч өтлөхийн цагт өөрийн дураараа, өөрийн гэсэн байранд байвал аштай юу. Хүүхдүүддээ нэмэр болохгүй ч дараа болохгүй суувал хэрэгтэй юм. Тийм болохоор энэ хөтөлбөрийг дэмжиж байгаа. Харин  өмчлөх, түрээслэх гэсэн хоёр асуудал яваад байгаа юм билээ.  Миний бодлоор уг байрыг түрээсээр ашиглуулах нь зөв байх. Бид хоёр өөд боллоо гэхэд дараагийн өндөр настан тухайн байранд орж болно шүү дээ.
Ахмадуудаа дэмжсэний  буруу гэж юу байхав
Баянзүрх дүүргийн иргэн А.Хүрэлбаатар:
-Улс орондоо хийж бүтээсэн ажилтай, насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа дэмжсэний буруу гэж юу байхав. Үнэхээр нөхцөл боломжоор нь хангаж чадаж байвал ээж, аавыгаа амьдруулна. Гэхдээ түрээслэх нь  буруу байх. Насны эцэст тэд маань үр хүүхэддээ юм үлдээхийг л бодно. Тийм болохоор тэтгэврийг нь орон сууцных нь зээлд өгөх ч  юм уу аль эсвэл үр хүүхэдтэй нь гэрээ хийж энэ асуудлыг шийдэж болно шүү дээ. Нэгэнт л хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ярьж, зорьж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй.
Байр хүссэн өргөдөл өгөөд  42 жил боллоо
Баянзүрх дүүргийн иргэн Г.Бат-Очир:
-Яг үнэнийг хэлэхэд түрээсийн байранд суугаад яах ч билээ. Өнөөдөр өвөө нь хоёр хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдарч байна. Сардаа 400-500 мянган төгрөг төлдөг. Би тэр байрт орчихсон байтал нэг өдөр өнхрөөд өгвөл миний хоёр хүүхэд бас л гудамжинд хөөгдөж гарна. Би тэр байранд ганцаараа амьдарч чадахгүй шүү дээ. Тиймээс өмчлөх хэрэгтэй. Өнөөдөр зээл энэ тэр  гээд олон арга байгаа шүү дээ.  Биднийг түүнд нь хамруулж, би байхгүй бол миний үр хүүхдүүд зээлийн мөнгийг нь төлөөд явбал амар л байх. Өвөөгийх нь хувьд  байр хүссэн өргөдөл өгөөд  42 жил боллоо. Нас 80 хүрлээ. Амьдрал үнэхээр хүнд байна. Одоогийн Засаг дарга Э.Бат-Үүл үүнийг шийдэж өгөх, үгүйг мэдэхгүй юм. Ямартай ч Засаг даргатай уулзах хүсэлтэй байгаа. 
 

gЭ.Пагма