Т.Бат-Эрдэнэ: Багануур, Налайх дүүрэгт үйлдвэр технологийн парк байгуулна

2013-05-14 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргаТ.Бат-Эрдэнэтэй хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынх талаар ярилцлаа.
 
-Улаанбаатар хот ногоон хөгж­лийн асуудалд илүү анхаарлаа хандуулж ажиллаж байна. Та хотын экологийг хөгжүүлэх та­лаар ямар ажлууд хийхээр төлөв­лөсөн бэ?

-Миний эрхлэх асуудал, хариуц­сан ажлын үйл ажиллагааны хү­рээнд нийслэлийн харьяаны до­лоон газар хамаарагддаг. Тухайл­бал, Байгаль орчин, ногоон хөгж­лийн газрын хүрээнд нийслэлийн Засагдаргын 2013-2016 оны мө­рийн хөтөлбөрт Улаанбаатар хотын ногоон байгуу­лам­жийг нийт нутаг дэвсгэрийн 20 хувьд хүргэх тухай том зорилт тавь­сан. Энэ зорилтыг бие­лүү­лэхийн тулд жил болгоны шат дараатай төлөв­лөгөө гаргаад ажил­лаж байна.
2013 оны үйл ажилла­гааны төлөвлөгөөнд Улаан­баатар хотын ногоон байгуу­ламж гэдэг ойлголтын гол цөм нь өөрөө цэцэрлэгт хүрээлэн юм. Тийм учраас цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэмэг­дүү­лэхийг хамгийн том ажил гэж бодож байна. Энэ чиглэлээр нийслэлд хамгийн том газар бол 960 га талбайг хамарсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байна. Дэлхийд ийм том газар нутгийг хамарсан цэцэрлэгт хүрээлэн тун цөөхөн байдаг. Тэгэхээр Үндэсний цэ­цэрлэгт хүрээлэнгээ орчин үеийн шаард­лагад нийцсэн, залуу­сын амралт чөлөөт цагаа өнгөрөөх газрын нэг болгон хөгжүүлэх талаар ихээхэн анхаарлаа хандуулан ажил­лаж байна. Нийтдээ энэ жил хотын төсвөөс хоёр тэрбум, Засгийн газраас 4,5 тэрбум орчим төгрө­гийн хөрөнгө оруу­лалтыг Үндэс­ний цэцэр­лэгт хүрээлэнгийн тохижилтыг ажилд зарцуулахаар тусга­сан. Одоо ажил нь эхний­хээ 30 га-д ид явагдаж байна. Нийтдээ 90 гаруй сая ам.дол­ларын хөрөнгө оруулалт шаардлагатай тооцоо гарсан. Миний хувьд хөрөнгө оруу­лалт бага байна гэж хэлээд байгаа. Өнөөдөр бид  4,5 тэрбум төгрөгөөр дөрвөн км-ийн тойрогтой гүйлтийн зам, дугуйн зам, өвөлдөө цанаар гулгах зам, залуучууд тоглох спортын цог­цолбор, ойр орч­мын гэрэлтүүлэг, автомаши­ны зогсоол, гадна хашаа гэх мэтчилэн ажлуудыг хийнэ. Саяхан МУ-ын Ерөнхийлөг­чийн зарлигаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хамгаа­лах талаар хууль гаргахаар төсөл нь явж байна. Яагаад ингэх шаардлага байсан гэ­хээр анх 1300 орчим га бай­сан нь өнөөдөр 960 га бол­сонтой холбоотой. Мөн түү­нээс гадна нийслэлийн төс­вөөр 2-3 цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ярьж байна. Мэдээж энэ бүх ажил бол төсөвт тусгасан мөнгөнийхөө хүрээнд хийгдэнэ. Хотын төвд байгаа иргэд бол Хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ойр орчмын аятайхан ногоон байгууламж бүхий тохижуулсан газруудад чөлөөт цагаа өнгөрөөх, амарч зугаалах боломж нь өнөөдөр­төө байна. Харин гэр хороол­лын иргэд тэр бүр хашаа­наа­саа өөр амарч, салхилах бо­ломжоор тун бага байдаг. Тийм учраас шинээр байгуу­ла­хаар төлөвлөж байгаа цэ­цэр­лэгт хүрээлэнг гэр хороо­лол дунд байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрээд байр­шил нь тодорохой болоод байна. Эхнийх нь Чингэлтэй дүүргийн XVII хороонд 1,6 орчим га газарт орчин үеийн тохилог цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажиллаж бай­на. Тэнд байдаг булгийг тү­шиглэн усан оргилуур бай­гуулж, хүүхэд тоглох талбай, сагсны шийд, дугуйн зам, ахмадуудад зориулсан тохи­жил­тыг хийнэ. Түүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн Яармагт нэг га гаруй газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар ажил нь хийг­дэж байгаа. Мөн түүнээс гад­на нийслэлийн түүхэн дурс­галт газарт буюу Богдын му­зейн орчим ч юмуу бас өөр ямар газар байна, тэнд цэцэр­лэгт хүрээлэн байгуулъя гэсэн бодолтой байна. Ер нь бид жилд 3-4 цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилготой ажил­лаж байна даа. Ингэснээрээ гэр хороолол гэдэг нэг хэсэг хаягдсан газар байсан бүсийг ногоон байгууламжтай болго­но, цэцэрлэгт хүрээлэнг бий бол­госноор тэнд хүүхэд, хөг­шид амарч салхилах тав тух­тай бас нэг тохилог орчин бүрдэнэ. Гэхдээ энэ бүгд нь хашаа хам­гаалалттай, ногоон байгуу­лам­жийг үргэлж ар­чилж тордож байх ажлын байр ч бий болно гэсэн үг.

-Хотын төвд жил бүр л зү­­лэгжүүлэх ажил хийгд­дэг. Гэтэл дараа жил нь дахиад л.... Ер нь энэ асууд­лыг яаж шийдэх ёстой юм бэ?

-Жил бүр хотын ногоон бай­гуу­­ламжийг сэргээж ур­гуулдаг, үүнийгээ үргэлжлүү­лэн хийнэ. Түүнээс гадна өм­нө нь хийсэн ажлаа дахин сайж­руулах ёстой. Энэ жил ажлаа харьцангуй эрт эхэл­сэн. Энд бид бодлогын хувьд нэг өөрчлөлт хийнэ. Өмнөх жилүүдэд мод, зүлэг тариад ургадагүй тийм газруудыг хатуу хучилттай болгоно. Ин­гэх­гүй бол нөгөө тарьсан мод нь ч ургадаггүй хавар, намрын цагт шороо хийссэн тийм газар болж хувирдаг. Энэ нь нэг талаас тэр орчин цэвэрхэн болно. Сая бид сул шороотой ийм газруудыг хайрган болон бетонон хучилттай болгосон нь үр дүнтэй ажил гэдгийг хүн бүр анзаарсан байх. Нөгөө талаас Улаанбаатар хотын мод гэж ямар модыг хэлдэг юм бэ гэдгийг тодорхой болгох ёстой. Саяас дээш хүн амтай хотод ямар мод таривал зохих уу, түүнийг хэн арчилж, хэр­хэн хамгаалах уу гэх мэтчи­лэн олон асуудал дээр хууль эрхзүйн орчин гэж байдаггүй. Тийм учраас ногоон байгуу­лам­жийг хадгалж хамгаалах талаархи хууль, журмыг гар­гах талд онцгой анхаарч ажил­­лаж байна. Нэгэнт дүрэм жу­­рам байхгүй учраас бидний хө­рөнгө зарж ургуулсан но­гоон байгууламж, зүлгэн дээр хэн дуртай нь машинаа тавьж бай­на, бетонон зам хавтанг уст­­гаж, сүйтгээд байна шүү дээ. 

-Таны хариуцсан салба­раас хамгийн их анхаарал татдаг асуудал бол яах аргагүй агаарын бохирдол. Энэ талаар хэрэгжүүлэх ажлынхаа талаар тодруу­лаач?

-Өнөөдөр нийслэлийн хүн бүрийн амьдралд хамгийн их асуудал дагуулж байгаа зүйл бол агаарын бохирдол юм. Нийс­лэлийн агаарын чана­рын алба бол эрдэм шинжил­гээ­ний байгууллага. Агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэ­рийг судалж илрүүлдэг газар юм. Тэр бодлого дээр нь тул­гуур­лаад бид ажлаа хийнэ. Үүнтэй тэмцэх хариуцлагатай ажил байгаа. Хотын агаарыг бохирдуулж байгаа гол эх үүсвэр бол гэр хорооллын 186 мянган яндан. Эдгээрийг нэг дор байхгүй болгож чадахгүй учраас дундын зохицуулалт буюу эхний ээлжинд утаа бага гаргадаг зуухыг санал болгож байна. Мөн түүхий нүүрснээс татгалзах замаар утаагүй түлшийг хэрэглээнд нэвтрүүл­лээ. Мөн дулааны алдагдал бага­тай гэрийн дулаалгыг бий болгосон зэрэг ажлуудыг хийж байна. Эхний ээлжинд хо­тын иргэдээ эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангах ажлын хүрээнд 110 мянган ширхэг зуухыг айл өрхүүдэд тараасан. Энэ жил 20-45 мян­ган зуухыг Налайх, Багануур дүүргүүдийг хамруулан та­раа­хаар төлөвлөж байна. Нэгэнт зуухаа тараачихлаа, энд түлэх түлшний асуудал тийм амаргүй байгаа. Тийм учраас түлшээ яаж боловс­руу­лах уу, сайжруулах уу гэдэг дээр нэлээд анхаарлаа хан­дуу­лан ажиллана. Агаарын бохирдлын тодорхой хувийг гаргаж байгаа автомашины яндангаас гарах хорт хийг хэр­хэн багасгах талаар то­дор­хой ажлууд шат дараатай хийгдэж байна. Үүнд, нийс­лэлд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн түлшний чанарыг сайжруулах хэрэгтэй. Түлшийг нь сайр­жуул­даг автохимийн бодисыг хэрэглэж занших талаар су­дал­гаа хийж байна. Мөн за­рим нэг техник, хуучирсан ма­шинуудыг насжилтаар нь анги­­лан хөдөлгөөнд оролцуу­лах, бүр зарим нэгийг нь хорих шаардлага бий. Ер нь цааш­даа цахилгаан хөдөлгүүр бү­хий машиныг оруулж ирэх тал дээр төрийн бодлого бол­гон авч үзэх талаар БОНХЯ-тай ярилцаж байгаа. Ер нь бол хотын агаарын бохирд­лыг бууруулах чиглэ­лээр хийх ажлын хамгийн зөв алхам бол гэр хорооллыг орон сууцжуулах. Тийм уч­раас гэр хорооллын дахин тө­лөвлөлтийн чиглэлээр тодор­хой хэсгүүдийн ажил эхнээсээ эх­лээд явж байна. Дахин тө­лөв­лөлтийн ажлын бид анх удаа л хийж байна. Энэ ажил тийм амар биш гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Гэхдээ шантрах зүйл огт байхгүй. Энд бид ганцхан л зарчим барьж байгаа. Энэ бол иргэ­ний газрыг бид үнэ хэлж авах­гүй, харин ч харилцан зөв­шил­цөх замаар асуудлыг ший­дэх юм. Нийслэлээс барьж буй бас нэг бодлого бол иргэндээ цэвэр бохир ус, дэд бүтцийг нь ойрын жилүү­дэд ойртуулж өгөх. Мөн цааш­­даа дулааны станцуу­дын үнс, эрс тэс уур амьсгал­тай манай орны хувьд тоос тоосонцор их байдаг. Үүнээс болж агаар бас тодорхой хэмжээгээр бохирдож, хүний эрүүл мэндэд нөлөөлнө. Сая­х­ан манайх зам угаадаг ма­шин­тай боллоо. Маш нарийн ширхэгтэй тоосонцорыг тэд­гээр машин угааж байгаа мэ­дэг­дэхүйц ажиглагдаж байна. 

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар таны эрхлэх асуудлын хүрээнд байдаг гэлээ. Энэ салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурдвал?

-Улаанбаатар хотод бай­гаа үйлдвэрүүд өнөөдөр ДНБ-ий 64 хувийг үйлдвэр­лэж байна. Тэгэхээр Монгол Улсын бүтээн байгуулалт нийслэлд л өрнөж байна гэсэн үг. Энэ их баялгийн бү­тээж байгаа үйлдвэрлэлийн сал­барыг яаж хөгжүүлэх вэ гэ­дэг нь нийслэлийн Засаг дар­гын санаагаа чилээх асууд­лын нэг. Үйлдвэрийн салбар бүтээн байгуулалтаасаа гад­на нийгэмд бас тодорхой хэм­жээнд хор уршиг учруулж байна. Үүний хамгийн том жишээ бол арьс ширний үйлд­вэрүүдийн ус, хөрс, агаар бохирдуулж буй бай­дал. Үүнээс зайлсхийхийн тулд хот өөрөө төрөлжсөн үйлдвэртэй байх бодлого юм. Үйлдвэр технологийн паркийг хотоос гаргаж байгуулах. Тухайлбал, Багануур дүүрэгт уурхайг түшиглэж маш олон дайвар бүтээгдэхүүн гаргах материалыг гаргаж байдаг. Тэнд барилгын материал, хими технологийн үйлдвэр, газар тариалангийн гэх мэт маш олон төрлийн үйлдвэ­рүү­дийг байгуулах боломж­той. Энэ ажлын бэлтгэлийг хангах үүднээс 403 га газрыг үйлдвэр технологийн бүс бай­­гуулахаар Засаг даргын за­хирамж гаргаад өнөөдрийн байд­лаа 17 үйлдвэр саналаа ирүүлснээс үйл ажиллагаа нь жигдэрсэн эхний үйлдвэ­рүү­дийн ажил эхлээд явж байна. Мөн Налайх дүүрэгт барил­гын материалын чиглэлийн үйлдвэрүүдийг тэнд бай­гуулъя гэсэн байдлаар эхний ээл­жинд 120 га газрын асууд­лыг шийдээд удахгүй Удир­дах зөвлөлийн хуралд танил­цуулж, дараа нь НИТХ-аар  оруулахаар төлөвлөөд явж бай­на. Энд бид цементийн болон барилгын материалын угсралт, хананы үйлдвэр, цэвэр бохир усны хоолой хий­дэг, тоосгоны үйлдвэр гэх мэт­чилэн барилгын бүхий материалын үйлдвэрлэлийг бай­гуулна. Үүний дараа энэ олон үйлдвэрлэлийн процес­сыг зөв зохистой явуулахын тулд тээвэр зуучлалын нэгд­сэн сүлжээ шаардлагатай болно. Өнөөдөр Улаанбаа­тар хотын төвд есөн тээвэр зуучлалын компани нэг дор үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол нэг талаас тээврийн хөдөлгөөнд маш их саад учруулж, түгжрэлийг бий бол­гож байгаа. Тэгвэл эдгээр ком­паниуд өөрсдийн санаач­ил­гаар нэгдээд консорциум бо­лон өргөжөөд Баянзүрх дүүр­гийн Баян өртөө орчимд буюу Налайх дүүргийн урдхан талд 130 га газрыг захирамж гар­гаад тэдэнд өгсөн. Тэнд тээвэр зуучлалын томоохон терми­на­лийг бий болгож, барилгын материалын маш том ложис­тик байгуулна. Чингэлгээр оруулж ирж байгаа бүх ачаа тэнд ялгагдана. Гааль, мэр­гэж­лийн хяналтын газар, бүрт­гэ­лийн байгуулагатай нь цог­цоор нь шийдэхээр төлөв­лөөд ажиллаж байна. Ингэс­нээр Улаанбаатар хот нэлээд сийрэгжинэ. Налайх дүүрэгт бий болох энэхүү томоохон бүтээн байгуулалтыг дагаад маш олон ажлын байр бий болно. Ер нь цаашдаа маш олон талын ач холбогдолтой. Бас нэг томоохон ажил маань Эмээлт орчимд Аргалант гэ­дэг газарт шинэ суурьшлын бүс байгуулахаар 214 га газ­рыг төлөвлөж байна. Хотын баруун зах руу арьс ширний үйлдвэрүүдийг гаргахаар ажил­лаж байгаа нь энэ. Тэнд цэвэрлэх байгууламжийг ши­нээр хийхээр ТЭЗҮ нь гарчих­сан байгаа. Үүнийг 2017 оноос өмнө ашиглалтад оруулж, хотын төвд үйлд­вэр­лэл явуулж байгаа арьс шир­ний бүх үйлдвэрүүдийг тийш нь гаргана. Ингэснээр хотын иргэдэд асуудал үүсгээд бай­гаа цэвэрлэх байгуулам­жийн ачаалал үгүй болж, орчин үеийн шинэ дэвшилтэт техно­л­оги бүхий үйлдвэрүүд босно. Түүгээр ч барахгүй шинэ суурьш­лын бүсийг дагаад нийгмийн дэд бүтэц хөгжинө гээд орчин үеийн үйлдвэрүүд бий болох юм. Энэ мэтчилэн үйлдвэрийн салбараа хөгжүү­лэх бодлогоо тодорхойлоод ажиллаж байна. Улаанбаа­тар хотыг түшиглэсэн хөдөө аж ахуйн салбар өөрөө эр­чимж­сэн мал аж ахуй, газар тариалан байх ёстой. Дэл­хийн жишиг ч ийм байдаг. Га­зар тариалан нь хүлэмжийн маяг­тай нарийн сортын төмс, хүнс­ний ногоог тариалах юм. Энэ чиглэрээр салбар яам­­тай­гаа хамтраад Хан-Уул бо­лон Налайх дүүрэг орчимд нийтдээ 20-30 га газарт өв­лийн хүлэмж барихаар тов­лоод байж байна. Түүнээс гад­на дахиад 20 га газарт зуны хүлэмжийг байгуулж нийслэлийн хүн амын хүнс­ний хэрэгцээнд дутагдаж бай­гаа сорт, олон төрлийн урга­мал, төмс, хүнсний ногоог тариалахаар төлөвлөөд ажил­лаж байна. Мөн хүнсний үйлдвэрлэлийн хадгалалт нөөцлөлттэй хол­боо­тойгоор Улаанбаатар хо­тод байрш­лыг нь гаргаж өгөөд тодорхой газруудад 20 мянган тоннын багтаамжтай, орчин үеийн ав­томатжсан тохилог зоо­рийн ажлыг эхлүүлэхээр ҮХААЯ-тай хамтраад ажил нь явж бай­на. Цаашдаа зоорийн баг­таамж 100 мянга хүртэл нэмэгдэх боломжтой. Харин мал аж ахуйгаа мах болон сүүний чиглэлээр эрчимжсэн байд­лаар фермерийг хөгжүү­лэх ёстой. Түүнийгээ дагал­даад гахай, тахиа, загас гэх мэт­чи­лэн туслах аж ахуйг дэм­жинэ.

-Нийслэл хичнээн мал­тай болсон бэ. Эдгээрийн эрүүл ­ахуйг хариуцдаг мал эмнэлэг бас л таны хажууд ажилладаг юм байна?

-Улаанбаатар хот өнөө­дөр 400 гаруй мянган толгой малтай. Тэгэхээр мал болон малын гаралтай бүтээгдэ­хүү­ний эрүүл ахуйн асуудал бол хамгийн чухал. Нийслэлчүү­дийн өдөр тутмын хүнсний хэ­рэг­цээнд очих сүү бүүн бүтээг­дэхүүн, мах зэрэгт мал эмнэл­гийн газар хяналт тавьж ажил­ладаг. Түүнээс гадна нийс­лэл­­чүүд гэрийн тэжээвэр амьт­ныг гаршуулдаг болсон. Тэд­­гээрийн эрүүл ахуйг ан­хаарч ажиллаж байна. Тэ­дэнд зориулсан зөвлөгөө зөв­лөмж өгөх, орчин үеийн тех­ни­кийн шаардлага бүхий ла­бо­раториор үйлчлэх нь нэн тэр­гүүний ажил юм.

-Таны хариуцсан энэ сал­барт хөрөнгө оруулалт хэр байдаг вэ. Гадаадын тө­сөл хөтөлбөр бусад бай­гуул­лагатай хамтын ажил­лагаа хэр байна?

-Манай салбарын хөрөн­гө оруулалт тийм ч хангалттай бус. Нийслэлийн хөрөнгө оруу­лалтын бараг 60 орчим хувь нь дэд бүтэц рүү ордог. Ми­ний багцад цэцэрлэгт хү­рээ­лэн байгуулахад зориулж 2,5 тэрбум, ногоон байгуу­ламж, явган хүний замын ажил зэрэгт гурван тэрбум төг­рөг тусгагдсан байдаг. Яг үнэнд­ээ бол хангалттай биш. Нэг цэцэрлэгт хүрээлэн гэхэд л 1,5 тэрбумаар босдог. Хам­тын ажиллагааны хувьд нийс­лэ­лийн аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр газрыг тохижуулж байх ёстой. Би энэ тухай албан бичгээ байгуул­ла­гуудад хүргүүлсэн байгаа. Хэ­рэв ойр орчмоо маш сай­хан тохижуулж бичил цэцэр­лэгт хүрээлэн, ногоон байгуу­лам­жийг бий болговол тухайн байгууллагыг газрын төлбө­рөөс нь тодорхой хувиар чөлөөлье гэж байгаа. Энэ бол ИТХ-ын тогтоолын хэрэгжил­тийг хэрхэн биелүүлж байгааг ха­рах нэг үзүүлэлт. Бас нэг ажил бол нийслэл хотын гол гудамжуудыг цэцгийн манд­лаар чимье гэж бодож байна. Энэ талаар судалгаа явуу­лаад ирэх долоо хоногоос цэ­цэг­чидтэйгээ уулзаж санал бод­лоо хуваалцах зөвлөл­гөөн хийх бодолтой байна. Гадаад харилцах хамтын ажиллагаа­ны хүрээнд зарим гудамжуу­дыг тохижуулах та­лаар ярьж бай­на. Тухайлбал, Жайка ОУ-ын байгууллагатай хамтраад Чингис зочид бууд­лын урд бай­даг Токиогийн гудамжийг Са­курагийн мо­доор чимэх са­нал тавьсан. Цааш­даа энэ мая­гаар гудам­жуудыг дандаа улиас тарьж байхаар өөр өөр модоор тохи­жуул­бал зүгээр гэж бодоод холбогдох мэргэж­лийн хүмүүс­тэй ярилцаж бай­на.

-Та бол Чингэлтэй дүүр­гээс хоёр дахь удаагаа НИТХ-д сонгогдсон. Дүүрэг­тэйгээ хэрхэн хамтарч ажил­лаж байна?

-Би Чингэлтэй дүүргээс ард түмнийхээ итгэлийг хү­лээ­гээд хоёр дахь удаагаа НИТХ-д сонгогдон ажиллаж байна. Нийт 19 хороотой 135 мянга гаруй хүн амтай хотын хойморь болсон дүүрэг. Ялан­гуяа Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдэд хам­гийн боломжтой бүтээн бай­гуу­лалтын цаг үе энэ жил ирж байна. Учир нь дэд бүтцэд холбогдоход хамгийн бо­ломж­­той. Бохир цэврийн ус­ны хоолой 17-гийн уулзвар хүртэл явчихсан байна. Мөн VII-XI хороо гэр хорооллын да­хин төлөвлөлтөд орчихсон. Энэ мэтээс харахад дүүргийн иргэд маань зөв зохистой са­налаа гаргах юм бол гэр хо­роол­лоос хамгийн түрүүнд то­хилог орчинд амьдрах юм. Энэ жилээс дүүрэг, орон нут­гийн өөрийнх эдийн засгийн эрх мэдэл ихээхэн нэмэгдсэн байгаа. Дүүрэгтэйгээ хамтын ажиллагаатай төлөөлөгчид­тэй­гээ байнга мэдээлэл со­лилц­дог. Дүүрэгт юу хийж байна, тэнд болохгүй зүйлийг нь би хотын төсөвт тусгуулах та­лаар хөөцөлдөх гэх мэтчи­лэн харилцан уялдаа холбоо­той ажиллаж байна. 
 
                                                                                                                                                О.УУГАНЖАРГАЛ