Иргэдийн татварыг өөрсдөд нь зарцуулна гэв

2013-05-13 00:00:00
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Батжаргал “2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 41 419 мэдээ, дуудлага хүлээн авч 1314 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх оны мөн үетэй  харьцуулахад дуудлагын тоо  5160 нэгж буюу 14.2 хувиар өсч, гэмт хэрэг 51 нэгж буюу 3.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг дурдлаа. Нийслэлийн Замын цагдаагийн газарт  сүүлийн 14 хоногт  нийт 2458 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн хэргийн  шинжтэй 154 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 хувиар, осол, зөрчлийн шинжтэй 183 дуудлага ирсэн нь мөн 57,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин Нийслэлийн Онцгой байдлын газраас  нийслэлийн хэмжээнд гарсан  нийт гамшгийн дуудлагын 358 удаа буюу 87,9 хувийг нь объектын гал түймрийн дуудлага эзэлж байгаагаас  221 удаа буюу  61,7 хувийг нь  гэр хороололд, 131 удаа буюу 3 хувь нь орон сууцанд гарсан гэсэн дүн мэдээг дуулгалаа.  
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир “Туул голд загас үхсэн байна”  гэж “Улс төрийн тойм” сонинд сэтгүүлч Н.Санжаасүрэнгийн бичсэн мэдээллээр газар дээр очиж шалгалт хийхэд  “Маршал”-ын гүүрнээс зүүн тийш 2.6 км газарт олон загас үхсэн байснаас дээж авч, 04-р сарын 22-ны өдрийн 18 цагт шинжилгээнд өгсөн. Шинжилгээний дүнгээр ямар нэгэн хүнд металл болон химийн хорт бодис илрээгүй,  хүчилтөрөгчийн дутагдалд орсон болохыг тогтоожээ. Мөн ХУД-ийн Туул тосгоны “Түмэн шувуут” ХХК-ийн 18 300 тахиа үхсэн тухай мэдээллийг  05 дугаар сарын 05-нд авч, дээжийг  шинжилгээнд өгч, үхсэн тахиануудыг устгахад хяналт тавьж ажилласан байна. Тус компанийн мал эмнэлгийн лабратори-д задлан хийж, шувууны томуу, ньюкасл өвчин илрүүлэх түргэн тестийн шинжилгээ хийж үзэхэд уг өвчин илрээгүй тул үхсэн шувууг хорооны Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг авчээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өнгөрөгч амралтын өдрүүдэд цаг агаар муудаж, салхи шуургатай байсан ч ажлаа хойш тавилгүй сайн гүйцэтгэж, хотоо цэвэр цэмцгэр байлгаж байгаа ТҮК-ийн ажилчиддаа баярлалаа гээд нийслэл хотын үйлчилгээнд нийт хөрөнгө оруулалтын 10 гаруй хувь буюу 20 орчим тэрбум төгрөгийг л зарцуулж байна. Энэ хөрөнгө ашиглалтыг 30 хувьд хүргэж, иргэдийн төлсөн татварыг зөвхөн өөрсдөд нь зарцуулдаг байх зарчим үйлчилдэг болох шаардлагатай. Үүнд удирдлагын түвшний хүмүүс анхаарч ажиллаарай” гэлээ. Мөн удахгүй тохиох “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлээс зохион байгуулах ажилд онцгой анхаарч хүүхдүүдэд хүрсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.