Аялал жуулчлалынхан эрсдлээ тооцоолно

2013-05-10 00:00:00
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран жуулчны бааз, зэрэглэлтэй болон энгийн зочид буудал, дэн буудлуудын дунд “Жуулчны аюулгүй байдал ба аялал жуулчлалын эрсдлийн менежмент” сургалтыг зохион байгууллаа. Аялал жуулчлалтай уялдаагүй салбар гэж байдаггүй. Тодруулбал, байгалийн гамшиг, осол, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, халдварт өвчний тархалт зэрэг урьдчилан таамаглах боломжгүй олон хүчин зүйлсээс шууд хамаарч байдаг эрсдэл өндөртэй, эмзэг салбар. Тиймээс нийслэлийн Аялал жуулчлалын газраас салбар дахь эрсдлийн талаар анх удаагаа ийнхүү дуугарч, хамгийн түрүүнд үйлчилгээний салбарын менежерүүдийг хамруулан тус салбар дахь эрсдэл, эрсдлийн шинжилгээ, эрсдлийн менежмент гэсэн сэдвийг хөнджээ. Гадаад, дотоодын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн үед аврах ажиллагааг зохион байгуулах зэрэг мэдлэг, мэдээллийг өгч байгаа юм. “Жуулчны аюулгүй байдал ба аялал жуулчлалын эрсдлийн менежмент” сургалтаар “Байгууллага бүхэнд байдаг “Галын хор”-ыг хэрхэн ажиллуулах вэ”, “Гал түймрийн үед угаартахгүйн тулд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ”, “Газар хөдөлсөн үед байшингаас хэрхэн гарах вэ” зэрэг энгийн хэрнээ хэн бүхний мэддэггүй сэдвийг  хөндсөнөөрөө онцлог болсон байна. Түүнчлэн ямар нэг эрсдэлд тухайн байгууллага өөрсдөө бэлэн байдалд байх ёстой гэсэн нэгдсэн ойлголтод хүрч чадсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.