А.Лхагвадорж: Дэлхий ээж бидэнд одоо л барилгын ажлаа эхэл гэж зөвшөөрөл өглөө

2013-05-10 00:00:00
Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадоржтой ярилцлаа.         
-Байгаль дэлхий өнгөө зассан нь барилгын улирал эхэлснийг илтгэнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын бэлтгэл ажил ямаршуу байна?
-Хотын шинэ даргын анхных нь барилгын улирал эхлэх гэж байна. Гэр хорооллыг иргэдийнх нь оролцоотой дахин төлөвлөх ажлыг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлнэ. Гадаадын оронд иргэдээ орон сууцжуулахын тулд орчинд нь ажиллах нийгмийн ажилтнаа 4,5 жил, авах санал асуулгаа 3-4 жил, дахин төлөвлөлтөө 15-20 жилийн хугацаанд хэрэгжүүлдэг. Харин бидэнд их хугацаа зарцуулах эрх байхгүй. Ямар ч гэсэн бид НИТХ-аар гэр хорооллыг дахин төлөвлөх журмаа батлуулсан,  одоо захиргааны ажил нь явж байгаа. Өнөөгийн байдлаар дахин төлөвлөлтөд хамрагдсан гэр хорооллын иргэд гүйцэтгэгч компани сонгоод гэрээ хэлцэл дээрээ явж байна. Хэд нь наймаа тохирсонгүй гээд буцахыг би мэдэхгүй. Иргэдийн дэмжлэг авсан нь хот, иргэн, компани гэсэн гурван талт хэлцлээ хийгээд бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ.
-Гадаадынхан олон жил төлөвлөн хийдэг зүйлийг хэдхэн сарын дотор амжуулна гэж та хэллээ. Тэгэхээр сэтгэл, зоригоос өөр зэсвэггүй бидэнд алдаж онох зүйл гарахыг үгүйсгэхгүй.  Шинэ юм болгон багагүй саадтай тулгардаг шүү дээ?
-Саатах ямар ч эрхгүй. Өмнө нь, төр өөрийн хүчээр иргэдээ орон сууцжуулах гэсэн нь бүтэлгүйтсэн. Учир нь, гэр хороололд хүн амьдардаг гэж харж байсангүй. Зүгээр барилгажих талбай л гэж харснаас орон сууцжуулах ажил бүтэлгүйтсний нэг шалтгаан болов уу. Тэгэхээр одоо төрийн оролцоог аль болох багасгаж, иргэдийнхээ хүсэл, санаачилгаар энэ төслийг хэрэгжүүлнэ. Хэрвээ төслийн хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хотын захиргаа хууль тогтоомжийн дагуу өөрт оногдсон эрхийн дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.  Иргэд маань ардчилсан тогтолцооны үр шимийг хүртэж, өөрийнхөө амьдрах орчныг өөрөө төлөвлөнө. Тиймээс иргэн, хөрөнгө оруулагч хоёр аль аль талдаа ашигтай гэрээ байгуулж чадвал энэ төсөл саатах зүйл гарахгүй.
-Газрын үнэлгээ яаж тогтоох вэ. Өмнө нь, гэр хорооллыг барилгажуулах нэрээр ам.метр талбайг 100 мянгаар үнэлсэн нь олон иргэний бухимдлыг төрүүлсэн?
-Газрын эзэн л мэднэ. Хот мэдэхгүй шүү дээ. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллыг орон сууцжуулахын тулд айлын нэг ам.метр газрыг 100 мянгаар үнэлсэн нь үнэхээр иргэдийн бухимдлыг төрүүлсэн л дээ. Тиймээс ч компанитайгаа тохирчих юманд битгий үнэлгээ тогтоогооч, бид тохиролцох ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Өмнөх төслийн сургамж бий учраас хот энэ төсөлд хамтран ажиллах хүсэлтэй компаниудыг дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд танилцуулсан. Тэд сонголтоо хийж байна. Хотын удирдлага хөндлөнгөөс зааж, зааварлах эрхгүй.
-Гэхдээ зарим компанийн удирдлагын ярьж буйгаар иргэд хэт их зүйл нэхсэн гэдэг юм билээ?
-Иргэд гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг хөдөлмөр эрхлэхгүй хөрөнгөжих ганц боломж гэж хараад байх шиг байна. Уг нь, үхмэл байсан капитал хөрөнгийг нь эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм шүү дээ. Жишээ нь, нэгэн иргэн “Миний газрыг авъя гэвэл хөгшин бид хоёрт амьдрах газар өг.  Нэг охин маань ядруухан амьдардаг учраас байртай болгоно. Бас гар дээрээ бөмбөрүүлж өсгөсөн зээ охин минь гадаадад сурдаг. Тэрийгээ хоосон үлдээж болохгүй. Газар дээрх ганц хүүгээ ч орон байртай болгомоор байна гээд хэдхэн ам.метр газраараа бүх хүүхдээ орон гэртэй болгоно гээд зүтгэсэн. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр, монголчуудын хэт туйлшрал. Газраа байраар сольж болно. Харин хэт туйлширч болохгүй. Ямартай ч, энэ бүх асуудлаа иргэн хөрөнгө оруулагчтайгаа л тохиролцоно. Энэ хоёр уулзвал ардчиллын шинж. Өнөөх иргэний оролцоо-шууд ардчилал гэдэг чинь энэ. Нэг ёсондоо, гэр хорооллын дахин төлөвлөлт иргэний засаглал-иргэний оролцоонд тулгуурлана. Яагаад гэвэл, иргэн ямар төлөвлөлттэй хотхонд амьдрахаа өөрөө л шийднэ.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ  иргэдэд ойртох байх гэж бодож байна?
-Иргэдийн саналыг авч дууссаны дараа ямархуу төлөвлөлтөөр орон сууцжуулах вэ гэдгээ шийднэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол зорилго нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын цогцолбор гээд цогц байдлаар орон сууцжуулна, хотхон барина. Тиймээс манайх энэ газартаа байшин бариулна гээд байвал тэр айлын хүүхдийг хүмүүжүүлэх цэцэрлэг, сургуулийн газрыг хэн гаргаж өгөх юм, бусад нь гаргах ёстой юу. Иргэд энэ талаар маш сайн ярих ёстой.
-Барилга чанартай байхыг хэн хянах уу. МХЕГ гэж байдаг ч энэ байгууллагыг үүргээ бүрэн биелүүлдэг гэдэгт  иргэд эргэлздэг л дээ?
-Газраа чөлөөлөн байшин, барилга бариулж байгаа иргэнд хянах эрх нь бий. Өдөр болгон үйлдвэрлэлийнх нь явцтай танилцаж болно. Гэхдээ ажлыг нь хийлгэхгүй зааж зааварчлаад хэрүүл хийнэ гэж юу байхав. Оршин суугчдын түр зөвлөлөө байгуулан төлөөллөө сонгочихвол барилгын явцтай нь танилцан хяналт тавиад явж болно. Дээр нь, хот бас МХЕГ хяналт тавина.
-Өнгөрсөн хугацаанд манайх зам засч чадна гэж тендер авчихаад өөр компаниас техник, хүн хүч гуйн ажлаа хүчрэхгүй булайгаа дэлгэсэн олон компани гарч ирсэн. Үүнтэй адил гэр хорооллыг орон сууцжуулна гэчихээд хөрөнгө алга гээд гэдийчих зүйл гарахгүй биз дээ?
-Үгүй л дээ. Яагаад төр гэр хорооллын дахин төлөвлөх төсөлд хамтран ажиллах барилгын компаниудыг нь шалгаруулсан бэ гэхээр техник, хүн хүч, хөрөнгө санхүүг нь харсан хэрэг. Тийм зүйл гарахгүй.
-Бэлтгэл ажлын хүрээнд ямар хүндрэл бэрхшээл гарч байх юм?
-Дээр хэлсэнчлэн урт хугацааны хөтөлбөрийг бид богино хугацаанд амжуулах гээд зүтгэж байна. Яахав. Турк, Солонгос, Сингапурынхан хэдэн жилийн ажлыг ганцхан сарын дотор яаж амжуулах гэж байгаа юм бэ гэж гайхаж асуудаг. Монголчуудын нэг онцлог бол нэг юмыг хийе гэж зоригловол заавал ард нь гарч байж санаа амардаг. Өнөөдөр бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх юмсан гэсэн хүслээр жигүүрлэн дахин төлөвлөлтөд хамрагдсан гэр хорооллын иргэд, хөрөнгө оруулагч компанийн удирдлагатай уулзаж байна. Иргэдийн дийлэнх нь дэмжсэн учраас төсөл амжилттай хэрэгжих байх аа.
-Гэр хорооллын дахин төлөвлөх төслийн газар шорооны ажил хэзээ эхлэх вэ?
-Ерөнхийдөө одоо л эхэлнэ. Дэлхий ээж бидэнд барилгын ажлаа одоо л эхэл гэж зөвшөөрөл өгч байна шүү дээ. Ерөнхийдөө гэрээгээ дүгнэчихвэл хөрөнгө оруулагч ажлаа эхэлнэ.