Ш.Анхмаа: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийднэ гэдэг нь улсын хэмжээний асуудлыг шийдэлцэж байгаа гэсэн үг

2019-03-08 09:05:52

НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.АНХМААТАЙ ярилцлаа.

-Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн хувьд хариуцсан ажил тань зөвхөн хотынх ч биш улсын хэмжээний тулгамдсан олон асуудалтай харагддаг. Шийдэхэд хэцүү ч гарцаагүй шийдэл олохоос аргагүй хамгийн тулгамдсан ямар асуудал дээр ажиллаж байна вэ?

-Улсын хүн амын бараг тал нь нийслэлд амьдарч байгаа болохоор тулгамдах асуудал тэр хэрээрээ өргөн хүрээтэй, ажиллагаа ихтэй байх нь аргагүй юм. Шийдлээ гэхэд тэр нь зөвхөн нийслэлчүүдийн эрх ашиг гэлгүй улсын хэмжээнд чухал ач холбогдолтой шийдвэр болох нь бий. Нийслэлийн хүн амын 60-аад хувь гэр хороололд амьдарч байна. Тэдний өмнө тулгарч байгаа бүхий л асуудал ялгаагүй орон нутагт бас л шийдэл хүлээсэн асуудлууд байдаг. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд ярихад асуудал нь ижил. Хот том болохоор цаг хугацаа, хөрөнгө их шаарддаг. Ялгаа нь ердөө энэ. Тэгэхээр нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийднэ гэдэг нь улсын хэмжээний асуудлыг шийдэлцэж байгаа гэсэн үг. Тулгамдсан асуудал их байлаа гээд шийдвэрлэх боломжгүй гэсэн үг биш л дээ.

Хамгийн том асуудал гэхээр мэдээж өнөөгийн нөхцөлд нийслэлийн агаарын бохирдлын асуудал байна. Гэхдээ ганцхан УБ биш бас аймгийн төвүүд ч гэсэн утаатай болсныг ярьцгааж байгаа. Тэгэхээр нийслэлд агаарын бохирдлыг яаж шийдэхээс улсын хэмжээнд энэ асуудлын шийдэл, хөгжлийн бүтцүүд бас тодорхойлогдох байх. Хэдийгээр бүрэн шийдэлд хүрээгүй байгаа ч гэсэн бид салбар тус бүртээ өөрсдийн шийдлийг хэрэгжүүлээд явж байгаа. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийн дотоод агаарын чанарыг сайжруулах тал дээр нилээд дэвшил гарсан. Дотоод орчны агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд илүү их сөрөг нөлөөтэй нь судалгаагаар батлагдсан учраас үүнд эхний ээлжинд анхаарч ажиллалаа. Энэ чиглэлээр Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд нийт 682 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг дүүргүүдийн эрүүл мэндийн төв, амаржих газрууд, ялангуяа хүүхдийн үзлэг эмчилгээ хийдэг тасгуудад байршуулсан.

Агаарын бохирдол жирэмсэн эхчүүд, ургийн хөгжилд нөлөөлж байгаа учраас энэ талаар  Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа хийж, Баянзүрх, Сонгино-Хайрхан дүүрэгт төсөл хэрэгжүүлж байна.

Жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлтөд агаарын бохирдлын нөлөө ямар байгааг судлахаар Канадын Эрүүл мэндийн судалгааны институтын санхүүжилтээр Сүхбаатар дүүрэгт төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд оролцогчдын төрүүлсэн хүүхдийг дагаж судалдаг нь илүү бодитой үр дүн харуулна гэж найдаж байгаа.

Мөн сургууль, цэцэрлэгийг агаар цэвэршүүлэгчээр хангаад байгаа гэхчлэн олон ажлыг тоочиж болох байх. Агаарын бохирдлыг бууруулах нь урт хугацаа шаардсан, бүх нийтийн оролцоотой хийгдэх том ажил. Гэхдээ бид богино хугацаанд хэрэгжүүлж болох өөрсдөөсөө шалтгаалах бүхий л арга хэмжээг энэ мэтчилэн тасралтгүй үргэлжлүүлэн хийхийг зорьж байгаа.   

-Хотын сургуулиудын ачаалал, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал жилийн жилд л олны анхаарлыг татаж байдаг. Энэ жил байдал хэр ахицтай байх бол?

-Хүүхдийн цэцэрлэгээс эхлээд ярья. Цэцэрлэгт шинээр элсэх 2 настай хүүхдийн бүртгэлийг цахимжуулах ажлыг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Ингэснээр цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой ар өврийн хаалга, авлига, хардлага сэрдлэгийн асуудал үндсэндээ шийдэгдсэн. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг цахимаар бүртгэж эхэлнэ. Үүний дүнд хүүхдүүд өөрийн хамрагдах ёстой тойргийн сургуульдаа орох шаардлагатай болж байгаа юм. Сурагчдын амралтаар замын түгжрэл эрс буурдагийг бид харж байгаа.  Хэрвээ хүүхдүүд зөвхөн хамран сургах тойргийнхоо сургуульд явдаг болчихвол замын түгжрэл тэр хэрээр л буурна шүү дээ.

Үүнээс гадна 2016 онд Нийслэлийн Боловсролын Газар, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар хамтран ЕБС-иудын ачааллыг бууруулж, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар судалгаа хийж, ямар байршилд ямар хүчин чадалтай сургууль цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх, засварлах шаардлагатайг тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд танилцуулсан. Ингээд ерөнхийдөө нийслэлийн боловсролын салбарт 2020 он хүртэл хийх бүтээн байгуулалтын ажил үндсэндээ шийдэгдчихээд байна. Гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан бол 23 болж буурлаа. 2020 он гэхэд бүх сургууль хоёр ээлжинд бүрэн шилжсэн байна. Цэцэрлэгийн хүртээмж 85 хувьд хүрнэ. Ер нь 69 хувьтай байсныг нь өнөөдөр 80,1 хувьд хүргэчихээд байгаа.

-Та НИТХ-д Баянгол дүүргийн 5-р тойргоос сонгогдсон. Тойргийнхоо иргэдэд амалсан ажлаа амжуулж чаддаг уу?

-Нийслэлд тулгамдаж байгаа гол асуудлууд ялгаагүй манай тойрогт бий. Ялангуяа ажилгүйдэл, ядуурлын асуудал.  Ажилгүйдлийг бууруулах нь олон тулгамдсан асуудлын гол зангилаа шийдэл нь гэж харж байгаа. Тийм учраас үндэсний үйлдвэрлэл, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь зөв юм байна гэж үзээд “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг УИХ-ын гишүүн А.Ундраатай хамтран 3 жил дараалан зохион байгуулж ирлээ. Экспо гэхээр зөвхөн үзэсгэлэн худалдаа биш л дээ. Шинэ санаа, шилдэг бүтээлийг тодруулна, хэн ямар ажлын байр бий болгож вэ гэдгийг танилцуулна. Шалгарсан шилдгүүдийг нь урамшуулчихна. Тэгж байж хүмүүс бие биеэсээ суралцаж байна, хамтарч ажиллах боломжтой болж байна. Оролцоо нь ч нэмэгдэж байгаа. Үнэхээр сайн байгааг нь гадаадад туршлага судлах, бизнес аялал хийх боломж олгож байгаа. Энэ жилийн экспогийн 2 шилдэг оролцогч л гэхэд АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох гэж байна. “Хүнд загас өгөхийн оронд загас барих аргыг зааж өг” гэдэг алтан дүрмийг жижиг гэлтгүй ажлаар хэрэгжүүлж явна гэх үү дээ.

Санаад, сэдээд зүтгэчихмээр олон ажил байна. Хаана асуудал байна, тэнд шийдлүүд хүлээгдэж байгаа, оволзсон их ажил байгаа гэж би боддог. Төлөвлөж байгаа ажлууд бий. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их өндөр байдаг юм билээ. Тойргийнхоо нэг цэцэрлэгийн 100 хүүхдэд шүдний үзлэг хийлгэж үзсэн. Тэгэхэд ердөө дөрөв, тавхан хүүхдийн шүд цооролгүй байсан. Шүдний эрүүл мэндээс хүний дотор эрхтний бүхий л эрүүл мэнд хамаардаг гэж бодохоор энэ их ноцтой санагдсан л даа. Тэгээд 2018 оны хавраас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” аян тойрогтоо өрнүүлж, бага насны 1000 хүүхдийг шүдний үзлэг эмчилгээнд хамруулсан. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтраад явуулын шүдний эмнэлэг ажиллуулсан л даа. Үр дүн сайтай, хүүхдэд ээлтэй, эцэг эхчүүдэд сургамжтай сайн төсөл болсон гэж боддог. Яагаад вэ гэхээр, хүүхдийн шүдийг ямар оогоор угаах ёстой, шүдний сойз ямар байх ёстой, сойзоо хэр хугацаанд солих ёстой, шүдээ яаж угаах ёстой, эцэг эх нь яаж туслах ёстой гээд тэр бүр эцэг эхчүүд мөрдөөд байдаггүй зөв дадалд давхар сургаж явсан нь иргэдийн талархлыг их хүлээсэн.

Одоо бидний хэрэгжүүлсэн төсөлтэй ижил нэртэй үндэсний хөтөлбөр хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Нөгөө л нийслэлд эхлүүлдэг ажил үндэсний, улсын хэмжээний шийдэл болдогийн нэг жишээ шүү дээ.   

-Шүдний эрүүл мэнд ярьсан дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар асууя гэж бодлоо. Өрхийн эмнэлгээрээ ороод гарахад анзаарагдаж байна л даа. Шинжилгээ авдаг болчихож, шарлага хийдэг болчихож. Нийслэлээс хөрөнгө нь гардаг юм уу, эсвэл өрхийн эмнэлгүүд өөрсдөө шийдэх хүчин чадалтай болсон гэсэн үг үү?

-Сонирхолтой асуулт байна. Ер нь бол өрхийн эмнэлэг, дүүргийн буюу хоёрдугаар шатлалын эмнэлгүүд нийслэлд хамаардаг. Гуравдугаар шатлалын эмнэлгүүд яамны харъяанд л даа. Тэгэхээр нийслэлчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж яах аргагүй өрхийн эмнэлгээс эхэлж байгаа. Өрхийн эмнэлгийн үйлчилгээ менежментийн хувьд хувийнх. Үйлчилгээ үзүүлэх боломжийг нь, өөрөөр хэлбэл барилга, санхүүжилт зэргийг нь улс, нийслэлээс бүрдүүлж өгөх ёстой. Өрхийн эмнэлгийн тоо хүртээмж хангалттай, үзүүлэх үйлчилгээ нь олон төрөл байх юм бол хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээ хүрэлцээ сайтай байна гэсэн үг.

Тиймээс нийслэл өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгох тал дээр тодорхой хөрөнгө оруулалт хийхээс аргагүй. Өнгөрсөн онд гэхэд л нийслэлийн төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өрхийн эмнэлгүүдийн барилгад засварын ажил хийж, мөн шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүдийг хангаж өгсөн. Үүний дүнд өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ улам сайжирч байгаа. Одоо цаашид Туркийн ЗГ-ын ТИКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, АХБ-ны санхүүжилтээр жишиг өрхийн эмнэлэгийн 20 барилга баригдана. Тун удахгүй эхний гурав нь ашиглалтад орох гэж байна.

Үүнээс гадна Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн эмнэлгүүд мэс засал, хавдар, гэмтлийн тасагтай болсон. Ингэснээрээ гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллаас их хөнгөлж байгаа. Хэдийгээр гуравдугаар шатлалын эмнэлгүүд яамны харъяатай боловч нийслэл бас хөрөнгө оруулалтаараа энэ том эмнэлгүүдийн гадна тохижилтын асуудлыг иж бүрэн шийдэж яваа. Автомашины парк, зам талбайн бусад байгууламжаас эхлээд өнгө төрхийг нь өөрчилж, тав тухтай орчин бий болгох тохижилтууд хийсэн. Жишээ дурдвал Эх Хүүхдийн Үндэсний Төв болон Гэмтлийн эмнэлгийг нисдэг тэрэг буух талбайтай болсоныг хэлж болох юм.

-Ярилцлагаа хоёулаа олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулсан уриалгаар төгсгөе гэвэл та юу хэлмээр байна вэ?  

Эмэгтэй хүн гэр бүлдээ ямар чухал байр суурь эзэлдэг шигээ нийгмийн амьдралд улам хүчтэй дуу хоолой болж оролцох боломжтой тийм эринд бид амьдарч байна. Технологийн хөгжил үүнийг бүр их боломжтой болгож байгаа. Эмэгтэйчүүд бид энэ хөгжлөөс хоцрох учиргүй, харин манлайлах боломжийг алдахгүй байх хэрэгтэй байна гэж уриалъя даа.

-Танд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.