Үүл дарга аа, хашааг минь трактороор түрээд ажлаа эхлүүл, би газраа үнэлэхгүй

2013-05-09 00:00:00
Гэр хорооллын буурин дээр орон сууц “ургах” нь өнөөх Монгол мөрөөдөл юм уу, хотын дарга аа. Угтаа таныг бусдаас арай өөр юм яриад ажлаа эхлүүлэх гэж хаврыг хүлээхэд чинь нийслэлийн гэр хорооллынхоны олонхи нь орон сууцанд амьдрах нь дээ гэсэн бодол тээн амьхандаа л хувийн бэлтгэлээ базааж байсан байх. Энд тэнд сурвалжлага уулзалтаар явах үед тийм сэтгэл хөдлөлтэй иргэдтэй ч бишгүй таарч байв. Тэгвэл Үүл дарга аа, нийслэлийг яндангаас салгах гоё ажлаа эхлүүлээч ээ. Утаатай гэрт өсөж, угаадас асгасан гудамжинд амьдарч асан би ч мөн таны эхлүүлэхээр зэхэж буй ажлын гэрч болмоор байх юм. Гэр хорооллыг халах цаг болжээ. Таны хийхээр төлөвлөсөн ажлыг шахаж, шамдуулж байгаагийн учир нь гэр хорооллыг орон сууцжуулж чадахгүй байсаар өвөлтэй золгох вий гэж халгахдаа юм шүү. Нийслэлийн өрхийг татна хэмээн амлаж асан өдрүүдийнхээ зургийг харж тэр олон хүн таны төлөө гараа өргөж “за” гэж хэлснийг ямагт сэрээсэй гэсэндээ юм шүү.
Уулын энгэр бэлд ханаа дугуйлж уснаасаа эхлээд үнсээ хүртэл гудамжиндаа гаргаад цацчихдаг гэр хорооллынхны орон сууцжих гээд байгаагийн шалтгаан бишгүй. Жилийн дөрвөн улирлын туршид үнс, шороо, хогоор шуурна. Үгүйдээ л бохир нь үнэртээд угаадас нь хөлдөж тош болно. Өгсөж уруудсан, хөл эцэж цуцам жалга, суваг, энгэр бэл рүү машин гарахгүйгээс шуудайтай мод, нүүрсээ үүрээд хажууд нь цэцэрлэгийн жаахнаа дагуулаад гэр рүүгээ зүтгэх зутруухан дүр зургийг хотын аль ч хэсгийн гэр хорооллоос харж болно. Зарим айлыг бол эмнэлэг, галын машин ч олж очихгүй. Тийм хэсгийнхнийг “задгайхан” гэдэг юм. Бургисан үнс, бужигнасан цагаан шороон дунд амьдардаг болохоор “хээнцэрлэл” гэр хорооллынхны хэнд нь ч зохидоггүй. Зөөврийн усыг өдрийн хязгаартай хэрэглэнэ. Мод, нүүрсээ түлэхгүй л бол данхтай цай нь хүртэл хөлдөөд тухгүй. Ийм байхад нийслэлийг бүслэсэн гэр хорооллынхон байр, орон сууц мөрөөдөхөөс ч яахав. Тиймээс л Үүл даргыг ажлаа яаравчлаач гээд “ташуурдаад” байгаа юм.
Эсгий хотыг байшиг хороолол болгоно гэх амлалтаа Үүл дарга аа Ногоон нуураас яаралтай эхэлвэл ямар вэ. Сүхбаатар дүүргийн XI хороонд хамаарах энэ хэсгийнхэн “Гэр хорооллын хөгжлийн газар”-тай чинь тохиролцож чадахгүйгээс газраа чөлөөлөхгүй байгаа юм байна. Эмх замбараагүй, энхэл донхолтой бүхнийг нэг доор овоолчихсон юм шиг тэр хэсэгт муухай бүхэн харц гутааж байна. Ер нь тэгээд “Ногоон нуур” ч гэлтгүй гэр хорооллын орчин ийм л байна. Хаанаас нь хэдүүлээ цэгцлэх нь одоо ч тодорхойгүй Үүл даргын ажлын эхлэлийг л үзмээр болоод байх юм. Угтаа бол “Ногоон нуур” гэхэд л хотын захиргааны байрнаас тооцвол 5 км хүрэхгүй шахуу ойрхон газар. Ганц хоёрхон жилийн өмнө монгол гэрийн буурин дээр орон сууц “ургуулах” сурагаар өмчит газраа 50-100 саяд үнэлж байсан иргэд өнөөдөр 90 саяын үнэлгээг нулимж “200 сая төгрөгөөр авбал ав, үгүй бол хоол нэхэж байгаа биш газраа зарах сонирхол алга” гэж томорч байна. Гуйх тусам гэдийдэг нь “Муухай монгол хүн”-ий л зан байх даа.
Зургаан настнуудыг “цэрэгт” татахаар Боловсролын яамнаас ажлаа эхлүүлчихлээ. Үүнтэй зэрэгцээд гэр хорооллынхон давхар зовлон үүрэх нь гэсэн бодол төрнөм. Намар, хаварт нь ч яахав, нялхас минь нүдээ нухаад нойрмоглоод ээж, аавынхаа гараас чирэгдээд явах л байх, сургуульдаа. Өвөл идэр есын тачигнасан жаварнаар яах вэ. Хальтирч, бүдрээд л өвлийг барах байх. Энэ мэтээр гэр хорооллын багачуудын нуруун дээр ч мөн орон сууцгүйн зовлон ирэх нь. Тэгэхээр Үүл дарга аа, улс шиг улс, хот шиг хот байхын тулд нийтийн эрх ашиг яригдах орон сууцны асуудалд баттай, хатуу чанд бодлого баръя. Тодруулбал, гэр хорооллын нүд ядрам эрээлжилсэн бүхнийг газрын хөрстэй нь тэгшлээд шинэ амьдрал эхлүүлье. Трактороор түрье. Ганц нэг айл, өрхийн амин хувийнхаа ашиг харсан увайгүй үйлдлээс болж би өглөө бүр зургаахан настай бяцхан үрээ үнс, мөстэй хог, шороотой гудамжаар сургууль руу нь хөтөлмөөргүй байна. Үдэш орой хаанаас нохой боргож, аль булан тохой эргэвэл согтуу, хөлчүүчүүд гэтэж, айлгах бол гэсэн түгшүүрээр насыг бармааргүй. Ус буцалгаж, хоол хийчих хэмжээний гэрэл цахилгаан байхгүй нь гэр хорооллынхны орчин үед ч тулгамдаад байгаа зовлон. Хоёроос дээш цахилгаан хэрэгсэл асаах эрх гэрт амьдрагчдад байхгүй. Хөргөгч, индүү хоёрыг зэрэг асаавал лаатай мэт улаасан гэгээнд тэмтчинэ. Ийм зовлон тийм амьдралыг би яг өнөөдрөөс эхэлж өөрчлөхөд хотын даргатай цуг тэмцэхэд бэлэн байгаагаа гэр хорооллын мянга мянган өрхийн өмнөөс чанга дуугаар хэлье. Сүхбаатар дүүргийн НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарын хэлснээр хороо, дүүргийн Засаг дарга, хэсгийн ахлагчид нь ажлаа хийхээ больсон гэнэ. Учир нь тэнд юу хийхээ мэдэхгүй хэдэн нөхөд томилогдчихоод дураараа авирлаж байгаа юм гэсэн.           
 “Ногоон нуур” орчмын далан руу айлууд жилийн жилд хог, үнсээ хийж, угаадсаа асгаж дүүргээд өвөлдөө хүүхдүүд нь тэнд гулгаж наадах болсоор удсаныг захын айлаас лавлахад л халаглана билээ. Мэргэжлийн хяналтын байгууллагууд ч тэр олон айлуудын дунд хэнийг нь торгохоо мэдэхгүй төөрчихдөг юм гэсэн. “Аргагүй биз. Тодорхой нэр хаягтай, мөнгөтэй компани биш болохоор хөсөр хаядаг байлгүй, биднийг” гээд тэндхийн иргэд ч тоохоо больжээ. Дэд бүтэц, дулаан цахилгаан, цэвэр бохир усны шугам сүлжээ, цэцэрэг, сургууль, орон сууц хороолол гээд хотын даргын шийдэх асуудал, хийх ажил “Ногоон нуур” орчимд л лав зуун задгай байна. Хотын дарга аа, урд хөршийн төрийн төмөр нударгаар энэ мэт асуудлыг шийддэг бодлогыг зарим тохиолдолд шууд хуулбарлъя. Гэдийж, гүрийдэг Монгол занд тохирно шүү дээ. Байртай иргэд бодохоос ч халгамаар гэр хорооллын өрхийн зовлонг дахиж үүрмээргүй байна. Үр хүүхэд минь жаргал үзэг л дээ. Үүл дарга ч гэсэн улс хотоо төвхнүүлж гэр хорооллыг дайлаар мордсон түүхэн гавъяаны эзэн болно биш үү. Тиймээс л төрийн хатуу бодлого хашаажуулалтын эсрэг үйлчилмээр байна. Гэр хороололд гэрэл нэмэх орон сууцжуулалтыг гэрт амьдардаг иргэн би гар өргөн дэмжье. Үүл дарга аа, манай хашааг чөлөөлж ажлаа эхэл, би таны ажлыг дэмжиж үлгэрлье. Би ч гэсэн “нийслэлийн иргэн” болж халуун ус хананаасаа авч, цахилгаан зууханд цайгаа чанамаар байна. Улс шиг улс болгохын төлөө хашаа хатгах газар битгий хэл хоттой хонь, азарга адуугаа өвөг дээдэс минь фронтод бэлэглэж байсан юм гэнэ билээ. Тэгвэл би ч гэсэн тийм л дээдсийн үр ач. Надаас эх орныхоо нүүр царайг өөрчлөхөд тэр хэмжээний сэтгэл гарна. Үүл дарга аа, хашааг минь трактороор түрээд ажлаа эхлүүл, би газраа үнэлэхгүй. Орон сууцтай л болгоод өг. 
 

М.МӨНХТУНГАЛАГ