Зарим бараа бүтээгдэхүүний үнэ буурчээ

2013-05-09 00:00:00
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 5-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 17 нэрийн барааны үнэ тогтвортой, 11 нэрийн барааны үнэ буурчээ.
Махны үнэ 2013 оны 5-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 8088 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8857 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 14 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.9 хувиар буюу 89 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Барс” хүнсний захад хамгийн хямд буюу 7700 төгрөг, “Меркури”, “Таван Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин хонины цул махны үнэ 0.4 хувиар буюу 33 төгрөгөөр буурсан байлаа. Харин нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 930-аас 1000 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 0.1 хувиар буюу 2 төгрөгөөр, манжин 7.1 хувиар буюу 114 төгрөгөөр өсч, харин монгол лууван 6.6 хувиар буюу 82 төгрөг, хятад сонгино 1.4 хувиар буюу 20 төгрөгөөр тус тус буурчээ гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ