Нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдлаа

2013-05-09 00:00:00
Сонгуулийн Ерөнхий Хороо санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн “Сонгуулийн хороо”-г  байгуулна гэсэн хуулийн заалтын  дагуу Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахаар  нийслэлийн Сонгуулийн хороог 5-р сарын 6-ны өдөр байгууллаа.
Сонгуулийн хорооны  бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулах ёстой гэж заасан байдаг. Үүний дагуу нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн даргаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, гишүүдээр Байгаль орчин, Ногоон Хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий, нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөгэрэл нар ажиллахаар боллоо. Нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах зэрэг бүрэн эрхтэй юм. Тиймээс нийслэлийн “Сонгуулийн хороо” санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дүүргийн сонгуулийн хороодыг байгуулна гэсэн заалтын дагуу 5-р сарын 12-ны өдрөөс өмнө хуралдаж, дүүргүүдийн сонгуулийн хороог байгуулах бөгөөд 5 дугаар сарын 17-ний өдрөөс өмнө хэсгийн хороодыг байгуулахаар болж байна  гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.