Д.БАТТУЛГА : “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг улстөржүүлж болохгүй

2013-05-07 00:00:00
НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг хэлэлцэх үеэр нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг 14 хоногийн завсарлага авсан. Үүссэн нөхцөл байдлын талаар НИТХ-ын дарга Д.БАТТУЛГААС тодрууллаа.

-НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Ахмадын орон сууц-4000”  хөтөлбөрийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан. Ямар асуудалд бүлгүүд байр суурь нэгдэж чадахгүй байгаа юм бэ?

-НИТХ-ын ээлжит хуралдаанаар энэ хөтөлбөрийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлгийнхэн 14 хоногийн завсарлага авснаар асуудал 14 хоногоор хойшилж, энэ сарын 09-нд хуралдахаар болсон. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр аливаа асуудлыг улстөржүүлэх хандлага ажиглагдаад байна. МАН-ынхан энэ хөтөлбөрийг дэмжиж байгаа ч түрээслүүлэхгүйгээр хөнгөлөлттэй үнээр хувьчилж өгье гэсэн. Энэ нь ахмадуудад төдийгүй иргэдэд таалагдахаар сонсогдож болох ч хэрэгжих боломж юу билээ гэдгээ бид тооцоолох хэрэгтэй. “Ахмадын орон сууц-4000”  хөтөлбөрийн гол зорилго юу вэ. Энэ бол үнэхээр ядарсан, харж хандах хүн бүл цөөтэй, орлого багатай  ахмадуудыгаа бид дан ганц орон сууц бус үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрүүлэх соёлын төвтэй цогц газартай хороололд амьдруулъя л гэж байгаа юм. Харин хөнгөлөлттэй үнээр хувьчилъя гэдэг нь одоогийн зах зээлийн зарчимд хэр нийцэх бол. Ардчилсан нам засаг барьж байх үедээ газрыг, малыг хувьчлахдаа асуудлыг тодорхой шийдвэрлэж байсан. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүйгээр шийдэж чадсан. Харин өнөөгийн нөхцөлд орон сууцыг хувьчилъя гэдэг нь бэлэн мөнгө амлахтай агаар нэг сонсогдож байгаа юм. “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөр нь өөрөө зорилтот хөтөлбөр. Ахмадууд маань улс эх орондоо хийдгээ хийчихээд насны эцэст юм юмандаа ойрхон тухтай тийм л орчинд байх нөхцөлийг бүрдүүлэх гэж байгаа юм. Тиймээс ИТХ-ын хуралдаанаар асуудлыг нийслэлийн Засаг даргын өргөн барьснаар нь баталж, яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. Харин үүний дараа МАН-ын нөхөд хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах бүрэн боломжтой. Ингэснээр ахмадуудынхаа асуудлыг бид хугацаа алдахгүй шийдэж чадна.

-Ахмадын орон сууцыг ямар хэлбэрээр барих вэ. Хөтөлбөрт хамрагдах ахмадуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Одоо хэлэлцэх журамд шаардлагыг тодорхой тусгасан байгаа. Хэрэв батлагдчихвал бүх зүйл тодорхой болчихно. Харин орон сууцыг нийтийн байр хэлбэрээр барина гэж ойлгож болохгүй. Энэ бол асрамжийн эсвэл халамжийн газар биш шүү дээ. Ердийн орон сууц хэлбэрээр баригдана. Энэ орон сууц нь нийслэлийн өмч байх бөгөөд ахмадуудын тэтгэврийнхээ мөнгөөр төлөх хэмжээний л түрээстэй байна. Нэг зүйлийг хэлэхэд энэ хөтөлбөр яригдаж эхлэхэд л манай ахмадууд бүртгүүлье гээд эхнээсээ ирцгээж байна. Над руу ч, Засаг дарга руу ярьж байр нь хаана байгаа юм гэх зэргээр тодруулж байгаа нь ямар их хүлээлт байгааг харуулж байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг бодолцож асуудалд улс төрийн өнцгөөс бус нухацтай ажил хэрэгч хандаж, ажлыг урагшлуулах шаардлагатай  байгааг МАН-ын бүлгийнхэнд уриалъя.